Фото зургийг | president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт баригдаж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг (УЦС) Монгол, Хятадын бодит хамтын ажиллагааны чухал үр дүн хэмээн өнгөрсөн ням гарагт мэдэгдлээ хэмээн Синьхуа агентлаг уламжлав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус станцын бүтээн байгуулалтын явцтай биечлэн танилцах үеэрээ Монгол Улс энэхүү төслийг боломж болгон ашиглаж, БНХАУ-тай эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх болно гэдгийг онцолсон байна. Мөн тэрээр хятадын талын гэрээний биелэлт болон барилгын ажлын менежментийг өндөр үнэлж, тус төсөлд тууштай дэмжлэг үзүүлж буй БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийлэв.

Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли хэлэхдээ, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд Хятадын тал Монгол Улстай гар гараасаа хөтлөлцөн ажиллахад бэлэн байна гэлээ. Түүнчлэн энэхүү усан цахилгаан станцыг Хятадын «Глобал хөгжлийн санаачилга» болон Монгол Улсын «Алсын хараа-2050» урт хугацааны хөгжлийн бодлогыг яг таг уялдуулсан, өндөр чанартай жишиг төсөл болгон бүтээхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын «Power Construction Corporation of China» компани барьж байгуулж байгаа бөгөөд энэ нь одоогоор Монгол Улсын иргэдийн амьжиргааг дэмжих хамгийн том үндэсний гол усан цахилгаан станцын төсөл юм. Станцын нийт суурилагдсан хүчин чадал нь 90 мегаватт бөгөөд бүрэн ашиглалтад орсноор Монголын баруун бүсийн таван аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, тус бүсийн эрчим хүчний хараат бус байдлыг эрс дээшлүүлнэ. Үүнээс гадна орон нутгийн хөдөө аж ахуйн усалгааг сайжруулах, соёлын аялал жуулчлал, загасны аж ахуйг хөгжүүлэх, экологийн хамгаалалт болон хүрээлэн буй орчны нэгдсэн менежментэд томоохон хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр



