Dark Light
Улс төр | 2026-09-14

А.НАМСАМАНД: БИ САЙДЫН ХУУЛЬ БУС ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХ ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨӨГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг удаа дараа хууль зөрчиж, салбарын үйл ажиллагаа хэвийн явагдахад саад учруулж буй талаар шүгэл үлээлээ.
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд:
Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үйл ажиллагаа нь хэвийн мэт боловч зарим нэг дотоод үйл ажиллагаа урагшлахгүй байна. Ялангуяа хорих байгууллагуудад аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Хорих ангиудад хяналт шалгалт явуулж хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж болохгүй байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдаас цагдаагийн байгууллагын алба хаагчдад хууль бус үүрэг чиглэл өгсөн байж магадгүй гэдэг мэдээлэл ихээр мэдэгдэх боллоо. Манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ч бас эрсдэл аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Тухайлбал Хууль зүй дотоод хэргийн сайдын шууд томилдог ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга гэж бүх хорих байраа хариуцсан албан тушаал байдаг. Энэ хүн удаа дараа төрийн болон албаны хуулийг зөрчсөн. Хорих ангийн аюулгүй байдал гэдэг бол манай байгууллагын төдийгүй орон нутгийн цаашлаад улсын аюулгүй байдлын асуудал.  Хууль зүй дотоод хэргийн сайдаас шууд томилох эрх бүхий албан тушаалтан алба хаагчдыг хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод бүрэн нийцээгүй байхад дэвшүүлэн томилох шаардлагыг тавьдаг. Одоо ч энэ шаардлагаа тавьсаар байгаа. Ёс ёмбогор төр төмбөгөр ЯАМ аа хүндлээд ,сайдаа хүндлээд тодорхой томилгоонуудыг хийсэн. Тухайлбал Хууль зүй дотоод хэргийн сайд өөрийнхөө  жолоочийн эхнэрийг дарга болго гэсэн. "Төр хурх" амралт сувиллын газрын дарга болгосон. Мөн тэр жолоочийнх нь төрсөн дүүг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгосон. Яамны хяналт шалгалтын газрын дарга Бригадын генерал Дамдинцэрэнгийн хүргэн дүүг Төв аймагт дарга болго гэсэн болгосон. Гэтэл дахин шахсаар л байна. Зарим нэг томилгоонуудыг хийхгүй, дарга болгохгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, шахдаг шаарддаг, сүрдүүлдэг. 
 
Дараагийн асуудал нь манай байгууллагат иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж байдаг. Улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай аж ахуйн нэгжийн өр төлбөртэй материалуудыг яамнаас шууд удирддаг. Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч гардан зохион байгуулна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина. 
Улсын ерөнхий гүйцэтгэгч дараагийн шатанд хяналт тавина. Мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангана. Шаардлагатай бол улсын байцаагчийн актаар зөвтгөнө, цуцална гэсэн 3 субъект л бий. Яамны хяналт шалгалтын газрын дарга өрөөндөө дуудаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удирдаж болохгүй ээ. Амаараа үүрэг өгдөг. Бичгээр үүрэг өгдөггүй. Манай байгууллагын онцлогийг мэддэг, манай байгууллагат олон жил ажилласан, манай байгууллагын дарга байсан генерал цолтой хүн шийдвэр гүйцэтгэгчийг дуудаад үүрэг даалгавар өгөөд ажиллагааг гацааж удаашруулаад байдаг.Хууль зүй дотоод хэргийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй ам долларын төлбөртэй байж л байгаа. Дахиад танхимынх нь сайдын 53 тэрбум төгрөгийн өртэй  материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээр байж л байгаа. Дээрх материалуудын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль журмын дагуу явуулах үүрэг чиглэл өгсөн. 
 Гэтэл дахиад л манай сайд хэлэх хэлэхгүй үгээр хэлж байна. Би өнөөдрийг хүртэл тэвчиж ирлээ. Ажил үүргээ гүйцэтгэж байгаагийнхаа төлөө янз бүрийн доромж үгээр хэлүүлээд баймааргүй байна. Чам мууг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа гэх мэт. Ийм байдлаар төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэнэ гэж байхгүй ээ.Би хэн нэгэн сайдын хууль бус үүргийг гүйцэтгэх гэж тангараг өргөөгүй.Би улсын хуулийг биелүүлье гэж монгол төрийн өмнө тангараг өргөсөн төрийн цолтой, төрийн тусгай алба хаагч гэдгийг онцлон хэлмээр байна. 
Яамнаас албан бусаар буюу амаар өгсөн үүргийг биелүүлж алба хаагч эрсдэлд орох юм уу? Тангараг өргөсөн төрийн тусгай алба хаагчийн хувьд хууль журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой юм уу ? гэдэг эргэлзээтэй.
Ийм хүчгүй сул, төлбөр авагчдыг чирэгдүүлсэн өөрсдийгөө эрсдэлд оруулсан нөхцөлд алба хаагчдаа байлгамааргүй байна. Энэ байдал хэрээс хэтэрч байна. Алба хаагчдынхаа аюулгүй байдлыг албаны хэвийн үйл ажиллагааг хамгаалж өнөөдөр дугарч байна .
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19