Dark Light
Улс төр | 2026-09-14

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ НЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид 2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэн шаардлагатай төслүүдийг эрэмбэлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэнд, инженерийн дэд бүтцийн асуудлыг бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх шаардлагатай гэж үзэв.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Батцогт нийслэлээс, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар тодрууллаа. Үүнд, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, аялал жуулчлалын тусгай бүс байгуулах байршил, орон зайг бий болгохоор ажиллаж байгааг мэдээлэв.

Төлөөлөгч Б.Мягмар Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны 30 гаруй мянган иргэний ундны усны чанартай холбоотой асуудлыг хөндөж, олон жил үргэлжилж буй зэвтэй усны асуудлыг 2027 онд шийдвэрлэх боломжийн талаар асуув. Холбогдох албаныхан уг асуудлыг 2027 оны төлөвлөгөөнд тусгаагүй ч шаардлагатай зураг төсөв, тооцоо судалгааг боловсруулж, төсөл, хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх боломжийг судална гэв. Харин төлөөлөгч Ж.Энхжаргалан хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг ямар шалгуураар эрэмбэлсэн талаар тодруулж, зайлшгүй хэрэгжүүлэх болон хойшлуулах боломжтой арга хэмжээг ялган, хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээ, үр өгөөжид нь нийцүүлэн төлөвлөх шаардлагатайг хэллээ.

Төлөөлөгч Б.Ану-Үжин хүний хөгжлийн чиглэлд 43 сургууль, 23 цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөнтэй холбогдуулан энэхүү тооцооллыг ямар судалгаа, үндэслэлд тулгуурлан гаргасныг тодруулав. Мөн Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Ногоон нуур орчмын бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажлын явцын талаар асуулаа.

Төлөөлөгч Г.Батзориг “Гэрт ойр сургууль” арга хэмжээнд 6 тэрбум төгрөг тусгасантай холбогдуулан хийгдэх ажлуудыг тодруулж, Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын шинэчлэл, нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, фасадын засвар, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээний талаар асуув. Холбогдох албаныхны мэдээлснээр Улаанбаатар хотод нийт найман шалган нэвтрүүлэх товчоо ажилладаг бөгөөд 2013 оноос хойш шинэчлэл хийгдээгүй байна. Иймд шалган нэвтрүүлэх товчоодыг нийслэлийн хилийн цэсийн дагуу шинэчлэн байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Төлөөлөгч Ж.Сандагсүрэн багш, боловсролын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж, хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Төлөөлөгч Д.Наянбаяр алслагдсан дүүргүүдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн төсөл, арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөнд тусгах, хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн ажлуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэв.

Мөн төлөөлөгчид өмнөх онуудад эхлүүлсэн ажлуудын үргэлжлэл, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний давхардлыг нягталж, төсөл, арга хэмжээ тус бүрийн тооцоо, судалгааг нарийвчлах, ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлогыг орхигдуулахгүй байж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд бодит үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн төсвийн үр ашиг, сахилга батад анхаарч, хэмнэх боломжтой зардлыг дахин нягтлан, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийн үндэслэлийг нарийвчлах санал гаргав. Ингээд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлыг НИТХ дахь намын бүлгийн хуралдаан болон холбогдох хороодоор үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүллээ. НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж байна.


Эх сурвалж | нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19