ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ДЭМЖИЖ, УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ӨНДӨРЛӨВ
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2026.09.14/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан. Хуулийн төслүүд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжиж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороодод шилжүүлэв.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд улсын төсвийн зарлагыг танах, хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, түлш шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхлээд байна. Төсвийн тодотголд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Үүнийг ирц, оролцоо, идэвх санаачилгатай байж, эрүүл мэтгэлцээний зарчмаар оновчтой шийдлээр шийдвэрлэж урагшлах ёстой. Өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг эхлүүлж, төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байна. Намрын ээлжит чуулганаар улс орон, ард иргэдийн асуудлыг шийдвэрлэх олон асуудал хүлээж байгаа тул гишүүдийг хуралдаандаа идэвхтэй байхыг хүсье ” гэв.
|
Эх сурвалж
| монгол ардын нам
|
Г.ГАНЦЭЦЭГ







Улс төр




