Dark Light
Улс төр | 2026-09-16

Г.ЗАНДАНШАТАР: НАДАД АЛТ БИТГИЙ ХЭЛ ХАЙРГА Ч УХАЖ ЯВСАН ТҮҮХ БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар "Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй. Хууль зүйн сайд Сайнбуянгийн Амарсайхантай хамт шалгуулахад бэлэн байна" хэмээн мэдэгдлээ.

Дэлхийн шатрын пара олимпиад болон Дэлхийн шатрын олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Самарканд хотноо ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан албан ёсны няцаалт, мэдэгдэл гаргалаа. Тэрээр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төрөөс зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, эх орноо сурталчлах үйл хэрэгт зүтгэж байгаагаа дурдаад, түүний нэр төрд халдсан ор үндэсгүй гүтгэлгийг дараах бодит баримтуудаар няцааж байна. Түүний мэдэгдлийг тоймлон хүргэвэл:
 
1. Улсын өмчийг сэргээх даалгаврыг "хувьдаа завших санаархал" гэж гүтгэв
 
Хууль зүйн сайд С.Амарсайхан нь Г.Занданшатарыг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр олон нийтэд мэдээлсэн.
 
Бодит баримт: Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвлөгөөн дээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэйн амны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын Авдар уулын боржин чулуу боловсруулах үйлдвэрийг хувьд шилжсэн байж болзошгүй гэж үзэн үйл ажиллагааг нь сэргээж, ШШГБ-ын харьяа улсын өмчит Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулах үүргийг Хууль зүйн сайд асан Б.Энхбаярт өгч байсан. Энэхүү албан ёсны шийдвэр нь Засгийн газрын цахим хуудаснаа өнөөдрийг хүртэл нээлттэй хадгалагдаж байна. Улсын өмчийг хамгаалж, төрийн мэдэлд авах үүрэг өгснийг "хувьдаа завших оролдлого" гэж гүтгэж буйг иргэд дэнслэх хэрэгтэй.
 
2. Төрийн албанаас буусны дараа хийгдсэн томилгоог тохоон тооцов
 
С.Амарсайхан нь Экологийн цагдаагийн газрын даргаар Оюутболд гэх хүнийг Г.Занданшатар томилсон мэтээр ярьжээ.
 
Бодит баримт: Г.Занданшатар нь 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин дээрх томилгоо нь түүнийг ажлаа өгснөөс хойш буюу 4 дүгээр сарын 5-ны өдөр хийгдсэн байна. Г.Занданшатар энгийн иргэн болсон байх үед хийгдсэн томилгоог өөрт нь хамаатуулан онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа тул Хууль зүйн сайд С.Амарсайханыг хэлсэн үг бүрээ хуулийн өмнө баримтаар нотлохыг шаардлаа. Тэрээр "Хуулийн байгууллагад хамт очиж шалгуулъя. Түүнчлэн С.Амарсайхан сайдыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн өмнө тэгш шалгуулахыг шаардаж байна. Өөрт тавигдсан асуултаас миний нэрээр бүү булт" хэмээн мэдэгдэв.
 
3. Хар тамхины эсрэг дайныг сулруулав уу?
 
Г.Занданшатарын тэргүүлж байсан Засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай хатуу тэмцэх үүрэг өгч байсан бөгөөд энэ шийдвэр ч Засгийн газрын цахим хуудаснаа баримт болон үлдсэн. Өнөөдөр энэ тэмцэл ямар түвшинд хүрээд байгааг эргэн харах ёстой.
 
Г.ЗАНДАНШАТАРЫН БАЙР СУУРЬ:
“Би баялгийн мафитай тууштай тэмцсэнийхээ төлөө улс төрийн шахалтад орж, албан тушаалаа өгсөн. Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбарыг улс төрийн өрсөлдөөн, хувийн өс хонзонгийн хэрэгсэл болгон ашиглаж, мянга мянган хууль сахиулагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж буй нь дэндүү увайгүй үйлдэл.
 
Миний бие С.Амарсайханыг Хотын дарга байхаас нь дэмжиж, Ерөнхий сайд болоод Шадар сайдаар томилон ажиллуулж байсан. Гэвч тэрээр танхимынхаа эсрэг ажиллаж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулан, хамтран ажиллах хүсэлгүйгээ илэрхийлсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм. Үүндээ өс хонзон санаж, өнөөдөр ийнхүү арга мухардсан гүтгэлэг тарааж байна.
 
Өнөөдөр үнийн өсөлт, шатахууны хомсдол гээд эдийн засагт сорилт их, иргэдийн амьдрал хүнд байна. Төр үүнд анхаарах ёстой болохоос албан тушаал, эрх мэдлийн маргаанд автах ёсгүй. Би улс төрөөс холдож, өөрийн замаар явж байгаа ч худал, хулгайтай эвлэрэхгүй. Ард иргэдтэйгээ хамтран нам дамнасан нүүрсчдийн бүлэглэл, баялгийн хулгайтай тэмцэх улс төрийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.”

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19