Dark Light
Улс төр | 2026-09-16

Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, хөрөнгө оруулагчдын саналыг сонслоо.

Ерөнхий сайд “Гэнэтийн сюрприз барьдаггүй, тогтвортой, тодорхой эрх зүйн орчин бүрдэж байна. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг хамгаалах олон хууль батлуулж, өөрчлүүллээ. Эдийн засгийн эрх чөлөөний, Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрлийн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн салбарт анхны Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлж байна. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавих Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Эрх зүй орчин шинэчлэгдэж буй нь олон жил ярьсан, гацсан төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөрс суурь, дохио дуудлага болж байна. Одоо бид хуулийн хэрэгжилтдээ онцгой анхаарна. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилнө” хэмээв.

Мөн хөрөнгө оруулагчид хууль ёсны зөвшөөрлөө төрөөс авсан ч орон нутагт олон саад бэрхшээлтэй тулгарч, татвар хураамж, ажлын байр, авах цалин, ашиг орлого нь алдагддаг байдлыг өөрчилнө. 

Хариуцлагатай уул уурхай гэдэг бол зөвхөн олборлолт биш харилцан итгэлцэл юм. Тиймээс төр, иргэд, орон нутаг, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд “Хариуцлагатай эрэл хайгуул, олборлолтын үндэсний зөвлөл” байгуулахаар болсон. Энэ хүрээнд 21 аймагт гурван талт зөвлөл ажиллана. 

Хувийн хэвшил хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож байна.  

Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь, 10 долларын долоо нь уул уурхайн салбарт ногдож байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19