Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Бээжингийн Шяншань форумд оролцох үеэрээ тус улсын Батлан хамгаалахын сайд, адмирал Дун Жуньтай хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ цаашдын түншлэлийн стратегийн чиглэлүүдийн талаар илэрхий нээлттэй санал солилцсон байна.

Уулзалтын эхэнд Сайд Д.Батлут Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа тогтвортой бөгөөд тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Олон улсын аюулгүй байдлын орчин хурдацтай өөрчлөгдөж, шинэ сорилтууд тулгарч буй өнөө үед хоёр орны зэвсэгт хүчний харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтойг талууд харилцан онцоллоо.
Цаашдын түншлэлийг гүнзгийрүүлэх хүрээнд цэргийн боловсрол, сургалт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтарсан дадлага сургуулилалтыг тогтмолжуулах, цэргийн эмнэлэг, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон мэргэжлийн түвшний солилцоог өргөжүүлэх өргөн боломжуудын талаар нарийвчлан хэлэлцсэн юм. Мөн Монголын батлан хамгаалах салбарт цэрэг-техникийн чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэг, тэр дундаа энэ онд хүлээн авсан техник хэрэгслийн тусламж нь зэвсэгт хүчний бэлэн байдал, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, адмирал Дун Жунь манай хоёр улсын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид ч тууштай дэмжихээ илэрхийлсэн юм. Тэрээр Монголын талаас дэвшүүлсэн хамтын ажиллагааны бүтээлч саналуудыг ажил хэрэг болгох, хүний нөөц бэлтгэх тогтолцоог чанаржуулах, улмаар цаг үеийн шаардлагад нийцсэн шинэ чиглэлүүдээр харилцаагаа өргөжүүлэхэд бүрэн бэлэн байгаагаа нотлов.
Найрсаг бөгөөд ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрсөн уг уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг харилцан итгэлцэл, бодит үр дүнд тулгуурлан улам ойр, нягт хөгжүүлэх нэгдсэн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа дахин нотоллоо.
ТАТАР МАЙДАР







Улс төр



