Dark Light
Улс төр | 2026-09-17

ХЯТАДЫН ЗАЛУУ ДИПЛОМАТУУД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломат ажилтнуудын төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Лханаажавын Мөнхтүшиг Хятадын залуу дипломатуудыг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд энэхүү харилцан айлчлалын хөтөлбөр нь хэдийнэ 20 орчим жилийн баялаг түүхийг туулж, хоёр орны гадаад бодлогын залгамж халааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон тэмдэглэв. 

Энэхүү уламжлалт солилцоо нь хоёр орны дипломат албаны залуу боловсон хүчнүүдэд харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх, улс орнуудын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, хөгжлийн томоохон зорилтууд болон бүс нутгийн байр суурийн талаар санал солилцох чухал тавцан болдог юм.

Бээжингийн залуу дипломатууд Улаанбаатар хот дахь албан ёсны уулзалтуудаас гадна Монгол Улсын аж үйлдвэрийн гол зүрх болсон Эрдэнэт хотыг зорихоор төлөвлөжээ. Тэд айлчлалынхаа үргэлжлэл болгон Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж, манай улсын эдийн засгийн чадавх болон аж үйлдвэрийн салбарын өнөөгийн хөгжилтэй танилцах ажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19