Dark Light
Улс төр | 2026-09-18

АНУ-ЫН ОРОСЫН ЭСРЭГ АВСАН НЭМЭЛТ ХОРИГ МОНГОЛД Ч НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛТЭЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ОХУ-ын эсрэг шинэ хориг баталж, Ерөнхийлөгчид 100 хүртэлх хувийн тариф ногдуулах эрх олгов. Үүнд Орос, Хятад, Энэтхэг улсууд эрс эсэргүүцсэн байр суурь илэрхийллээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг 262:159-ийн харьцаагаар буюу 60.5 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төсөлд ОХУ-ын эрчим хүч, батлан хамгаалах салбар болон хоригийг тойрон гарах сүлжээнд чиглэсэн арга хэмжээнүүд багтсан байна. Хамгийн ноцтой нь, Оросын эрчим хүчийг их хэмжээгээр худалдан авагч орнуудад 100 хүртэлх хувийн тариф ногдуулах онцгой эрхийг АНУ-ын Ерөнхийлөгчид олгох заалт оржээ. Одоо уг төсөл Цагаан ордонд Ерөнхийлөгчийн гарын үсгийг хүлээж байна.

Хэдийгээр Монгол Улс энэхүү хуулийн шууд бай биш боловч супер гүрнүүдийн эдийн засгийн энэхүү шинэ дайн манай улсад дам байдлаар маш том эрсдэлүүдийг дагуулах ирмэгт ирлээ.

Монгол Улсад үүсэх дам эрсдэлүүд юу вэ?

  1. Урд хөршийн эдийн засгийн сааралт ба манай экспорт: АНУ-ын шинэ хоригийн гол бай нь Оросын түүхий тосны талыг худалдан авдаг БНХАУ юм. Хэрэв АНУ Хятадын бүтээгдэхүүнд 100%-ийн тариф ногдуулж эхэлбэл Хятадын үйлдвэрлэл, эдийн засаг саарна. Энэ нь Хятад руу нүүрс, зэсээ гаргадаг Монгол Улсын экспортын эрэлт буурах, түүхий эдийн үнэ унах шууд эрсдэлийг дагуулна.

  2. Шатахууны төлбөр тооцооны гацалт: Монгол Улс шатахууныхаа 90 гаруй хувийг Оросоос авдаг. Оросын банкууд болон санхүүгийн системд тавих АНУ-ын хяналт улам чангарч байгаа тул манай банкууд Орос руу шатахууны төлбөр шилжүүлэх (доллар, юань эсвэл рублээр) олон улсын гүйлгээ хийхэд транзит банкуудын шалгалт эрс чангарч, хугацаа сунах, төлбөр гацах хүндрэлүүд гарч болзошгүй байна.

  3. Мега төслүүдийн тодорхойгүй байдал: Оросоос БНХАУ руу Монголын нутгаар дамжин өнгөрөх эрчим хүчний коридор, хийн хоолой болон төмөр замын мега төслүүдийн гадаад хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох ажилд геополитикийн энэхүү шинэ дарамт нэмэлт тээг үүсгэж байна. (Хуульд Оросоос хамаарлаа бууруулж буй орнуудыг чөлөөлөх тусгай заалт байгаа ч дам эрсдэл өндөр хэвээр байна)

Олон улсын хариу үйлдэл: Кремль болон Азийн акулууд эрс эсэргүүцэв

ОХУ (В.Путин ба Кремлийн байр суурь):

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг хуулийн төслийг маш "найрсаг бус алхам" хэмээн тодорхойлов. Энэхүү шинэ хориг нь Украин дахь хямралыг энхийн замаар шийдвэрлэх хайлтыг улам бүр төвөгтэй болгож, сөргөлдөөнийг дэвэргэж байгаа бөгөөд үүнээс болж Киев өөрөө хохирох болно гэж анхаарууллаа. Мөн Оросын эдийн засаг хоригуудыг даван туулах чадвартай тул буулт хийхгүй гэдгээ мэдэгдэв.

БНХАУ (Гадаад хэргийн яам):

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь АНУ-ын шийдвэрийг "Нэг талыг барьсан, бусдыг дээрэлхсэн бөгөөд эдийн засгийн албадлага хийж буй хэлбэр" хэмээн эрс буруушаав. Энэ нь дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг сүйрүүлнэ гэдгийг сануулаад, Хятад улс ОХУ-тай хийж буй худалдаа, эрчим хүчний хамтын ажиллагаагаа өөрийн үндэсний эрх ашгийн хүрээнд тууштай хамгаалахаа зарлалаа.

Энэтхэг Улс (Гадаад хэргийн яам):

Энэтхэг улс АНУ-тай түншлэлийн харилцаатай боловч өөрийн байр суурин дээр хатуу зогсохоо илэрхийлэв. Тус улсын ГХЯ-наас Оросоос газрын тос худалдан авах урсгалаа өөрчлөхгүй бөгөөд Засгийн газрын гол үүрэг бол олон улсын дарамт шахалт биш, харин өөрийн 1.4 тэрбум иргэний эрчим хүчний аюулгүй байдлыг хангах явдал юм гэдгийг онцолсон байна. Вашингтоны зүгээс ирж буй сүрдүүлгийн эсрэг үндэсний худалдаа, эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэв.

 


 

 Дүгнэлт:

Энэхүү хуулийн төсөл нь АНУ-ын Ерөнхийлөгчид тариф ногдуулах асар том зэвсэг олгож байгаа ч амьдрал дээр 100%-ийн татварыг шууд маргааш нь тавихгүй. Цагаан ордон үүнийг Хятад, Энэтхэгтэй хийж буй геополитикийн хэлэлцээртээ хөзөр болгон ашиглах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч Азийн том гүрнүүд ухралт хийхгүй гэдгээ ийнхүү хатуу мэдэгдсэн нь дэлхийн эдийн засгийн хуваагдлыг гүнзгийрүүлж, манай улс шиг дунд нь оршдог жижиг эдийн засагтай орнуудад маш сонор соргог, уян хатан байхыг сануулж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19