Dark Light
Улс төр | 2026-09-18

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөтэй уялдуулан 8 бүлэг, 538 зорилтын хүрээнд баталлаа. Тодруулбал,

  1. Хүний хөгжил,
  2. Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл,
  3. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил,
  4. Байгаль орчин, ногоон хөгжил,
  5. Тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглал,
  6. Бүсчилсэн хөгжил,
  7. Хотын өрсөлдөх чадвар,
  8. Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан гэсэн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын 2027 оны үйл ажиллагаа чиглэхээр боллоо.

Түүнчлэн нийслэлийг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан дэд бүтэц, тээвэр, орон сууц, эрчим хүч, байгаль орчин, үйлдвэр, нийгмийн үйлчилгээний салбарыг хамарсан томоохон 16 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлнэ. 2027 онд “Хүүхдэд ээлтэй хот-Хүн бүрд ээлтэй хот” зорилтыг хэрэгжүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, боловсрол, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр онцгойлон анхаарч ажиллах юм.

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Улаанбаатар хотын 2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийслэлийн нутгийн захиргааны 104 байгууллага, НИТХ-ын төлөөлөгчдөөс санал авч, өнөөдөр батлууллаа. Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөгөөр авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүний хөгжилд анхаарсан олон төсөл хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгасан агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг эрчимжүүлнэ. Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлсэн. 2027 онд 10-15 мянган айлыг хий рүү шилжүүлж, дагалдах бэлтгэл ажлуудыг хийнэ. Энэ онд 8 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд шилжүүлсэн бол ирэх онд 25-30 сургуулийг шилжүүлнэ. Баруун салаа, Зүүн салааны 800 айлыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 10-15 хувиар бууруулна” гэдгийг тодотгов.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар "Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө", "Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай", "Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай" зэрэг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн баталлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19