Эдийн засаг, энх тайвны институтээс (IEP) жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index 2026) тайланд Монгол Улс 163 орноос 34 дүгээр байранд эрэмбэлэгдэж, өмнөх оныхоос 4 байраар урагшилсан амжилт үзүүллээ. Энэ нь манай улсыг Ази-Номхон далайн бүс нутагт хамгийн аюулгүй, тайван 7 орны нэгээр шалгарахад хүргэсэн байна.

Энэхүү индексийг ямар үзүүлэлтээр гаргадаг вэ?
Дэлхийн энх тайвны индексийг олон улсын нэр хүндтэй эх сурвалжуудын чанарын болон тооны 23 үзүүлэлтийг нэгтгэн, үндсэн 3 гол салбар чиглэлээр (Domains) 1-ээс 5 хүртэлх онооны системээр (оноо бага байх тусам илүү тайван) дүгнэдэг:
1. Нийгмийн аюулгүй байдал, хамгаалалт (Societal Safety and Security)
-
Хүн амины хэрэг болон хүчирхийллийн түвшин: Нийгэм дэх гэмт хэргийн гаралт, дотоодын аюулгүй байдал.
-
Хууль сахиулах байгууллагын хүртээмж: Нэг хүнд ногдох цагдаа, хүчний байгууллагын ажилтны тоо.
-
Улс төрийн тогтвортой байдал: Засгийн газрын бодлогын залгамж чанар, улс төрийн террор, хүчирхийлэлтэй жагсаал цуглаан болох магадлал.
-
Шоронгийн хоригдлын тоо: Нийт хүн амд ногдох ял эдэлж буй иргэдийн харьцаа.
2. Дотоод болон олон улсын мөргөлдөөн (Ongoing Domestic and International Conflict)
-
Дайн ба зэвсэгт мөргөлдөөн: Тухайн улсын оролцсон дотоодын болон гадаад улсуудтай хийсэн зэвсэгт мөргөлдөөний тоо.
-
Үрэгдсэн хүний тоо: Мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн цэрэг болон энгийн иргэдийн тоо.
-
Хөрш орнуудтайгаа харилцах харилцаа: Хөрш зэргэлдээ улсуудтайгаа үүсгэсэн дипломат болон цэргийн харилцааны тогтвортой байдал.
3. Цэрэгжилтийн түвшин (Militarisation)
-
Цэргийн зардал: Батлан хамгаалахын төсөв ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байгаа байдал.
-
Зэвсэглэлийн экспорт, импорт: Хүнд тоног төхөөрөмж, үй олноор хөнөөх зэвсгийн чадавх.
-
Энхийг сахиулах ажиллагаа: НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, санхүүжилт (Монгол Улс энэ чиглэлд олон улсад өндөр үнэлэгддэг).
Дэлхийн ерөнхий дүр зураг ба бусад орнуудын байршил
2026 оны тайланд дурдсанаар Исланд улс дэлхийн хамгийн тайван, амгалан улсаар дахин шалгарсан бол Орос-Украины дайн, Ойрхи Дорнодын хямрал зэргээс шалтгаалан дэлхий нийтийн энх тайвны дундаж түвшин сүүлийн 12 жил дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ.
-
Хамгийн тайван (Топ-10): Исланд, Шинэ Зеланд, Швейцар, Словени, Ирланд зэрэг барууны болон Сингапур, Япон зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнууд тэргүүлж байна.
-
Монгол Улс (34-т): Итали, Их Британи, Тайвань, Өмнөд Солонгос, Хятад, АНУ зэрэг дэлхийн эдийн засаг, цэргийн аварга гүрнүүдээс хамаагүй дээгүүр (илүү аюулгүй, тайван) жагссан нь манай улсын гадаад харилцааны төвшрөл болон дотоодын тогтвортой байдлын илэрхийлэл юм.
-
Хамгийн тогтворгүй, эрсдэлтэй: Олон улсын хориг, зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Израиль (159), Украин (160), Орос (163) зэрэг улсууд жагсаалтын хамгийн сүүл мушгиж байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр




