Dark Light
Улс төр | 2026-09-23

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ИНДРЭЭС ҮГ ХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хүн төрөлхтний хамтын ажиллагаа, дэлхийн геополитикийн хамгийн том тавцан болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо албан ёсоор эхэллээ. Энэхүү түүхэн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, дэлхийн удирдагчдын өмнө Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, дэлхий дахинд тулгамдаж буй хямралт нөхцөл байдлыг даван туулах гарцын талаар байр сууриа илэрхийлэн, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы индрээс эх орныхоо дуу хоолойг дэлхий дахинаа хүргэж, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Нямдоржийн Анхбаяр тус чуулганы орлогч даргаар ажилласан нь нэгэн цаг үед тохиосон онцгой давхцал, Монголын дипломат харилцааны түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал байлаа.

Геополитикийн хямрал ба цэргийн зардал: Түүхэн дээд цэг

Өнөөдөр дэлхий даяар олон улсын болон бүс нутгийн шинж чанартай 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн өрнөж байгаа нь хүн төрөлхтний аюулгүй байдалд урьд хожид байгаагүй сорилт учруулж буйг Төрийн тэргүүн индрээс сануулав. Тэр дундаа, улс орнуудын батлан хамгаалах, цэргийн нийт зардал түүхэндээ хамгийн өндөр түвшинд буюу 2.9 их наяд ам.долларт хүрээд байгааг тэмдэглээд, энэхүү асар их хөрөнгө мөнгийг зэвсэглэлд биш, харин дэлхийн ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөнтэй тэмцэхэд зориулах ёстойг уриалж, гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс Дэлхийн энхийг сахиулах үүргээ гүйцэтгэж байна

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм-эдийн засгийн хөгжлийг ахиулах, хүний ​​эрхийг хамгаалахын зэрэгцээ "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр хэзээ ч сонгогдож байгаагүй 58 улсын нэг" болох Монгол Улсыг тус зөвлөлийн байнгын бус гишүүнд нэр дэвшүүлж буйгаа тэрээр танилцуулав.
 
Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүд дэх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 23,000 гаруй цэрэг, цагдаагийн алба хаагчийг илгээжээ. "Өнөөдөр ч гэсэн бид Гаити улс дахь 'Гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх хүчин'-ий олон улсын ажиллагаанд цэргээ илгээгээд байна" гэсэн юм.

Уур амьсгалын хямралын эсрэг "Тэрбум мод" ба COP17

Уур амьсгалын өөрчлөлт бол хил хязгааргүй тулгарч буй нийтлэг аюул гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон юм. Монгол Улс дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эрчтэй хэрэгжүүлж байгааг дурдав. Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дүгээр бага хурлыг (COP17) эх эх орондоо амжилттай зохион байгуулсан нь нүүдэлчин соёл иргэншил, уламжлалт ахуйг хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой алхам болсныг дэлхийн хамтын нөхөрлөлд танилцууллаа.

"Өнөөдөр бид монголчууд соёлын өв болон байгальтайгаа зохицон амьдрах замаар олж авсан уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий нийттэй хуваалцаж, улмаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна" гэж тэрээр хэлэв.

Итгэлцлийг сэргээж, өөрчлөлтийг хамтдаа удирдах нь

Энэ удаагийн 81 дүгээр чуулган "Итгэлцлийг сэргээх, өөрчлөлтийг удирдах нь: Бүгдэд хүртээмжтэй НҮБ" хэмээх ерөнхий уриан дор зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд, олон туйлт дэлхий ертөнцөд геополитикийн сөргөлдөөн гүнзгийрч, харилцан итгэлцэл суларч буй энэ үед НҮБ-ын дүрмийг чанд сахиж, олон талт дипломат харилцааг бэхжүүлэх нь цорын ганц гарц гэдгийг тэмдэглэв. Тэрээр дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө гишүүн улс орнуудыг нэгдмэл зорилго, харилцан ойлголцолд хүрэхийг уриаллаа.

Монгол Улс цаашид ч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн болон байгаль орчны үйлсэд идэвхтэй оролцогч, хариуцлагатай гишүүн байх болно гэдгийг ийнхүү НҮБ-ын индрээс дахин тунхаглалаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19