Dark Light
Улс төр | 2026-09-23

МОНГОЛ ЦЭРГҮҮД ТУРК УЛСЫН ANADOLU, EFES ЗЭРЭГ ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТАД ТОГТМОЛ ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Дашцэдэнгийн Баасандамба 2026 оны есдүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч генерал Федай Үнсалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Башак Генч Юксел байлцсан байна.
 
Уулзалтын үеэр талууд Монгол, Туркийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг болон Туркийн Хуурай замын цэрэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан санал, цаашдын боломжуудыг хэлэлцсэн байна.
 
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хоёр улсын батлан хамгаалах салбарын өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, цэргийн боловсрол, сургалт бэлтгэл, цэргийн техникийн хамтын ажиллагаа болон туршлага солилцох чиглэлээр бодит хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов. Тэрээр Монгол Улсын цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэх, цэргийн боловсрол олгох чиглэлээр Туркийн талаас олон жилийн турш үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийллээ.
 
Мөн Монгол Улсын цэргийн алба хаагчид Турк Улсад зохион байгуулагддаг Anadolu, EFES зэрэг олон улсын сургалт, хээрийн сургуульд тогтмол оролцож байгаа нь хоёр улсын зэвсэгт хүчний харилцан ажиллагаа, туршлага солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
 
Талууд цаашид аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, мэргэжилтэн харилцан солилцох, сургалт, дадлагад харилцан оролцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх боломжийг судалж, Хуурай замын цэрэг хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд, харилцан ашигтай байдлаар хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм.
 
Дэслэгч генерал Федай Үнсал Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч хошууч генерал Жамсрангийн Бямбасүрэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэрэг болон хил хамгаалах байгууллагын удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19