Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Чикаго хотноо 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан Америк тив дэх Монгол Улсын Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уулзалтад Монгол Улсаас АНУ, Канад Улсад суугаа Элчин сайд нар, Сан Франциско дахь Ерөнхий консул болон Америк тивийн орнуудад суугаа Өргөмжит консулууд хуран цугларсан байна.

Зөвлөлдөх уулзалтыг ийнхүү бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй нь тухайн бүс нутгийн онцлог, бодит боломжийг харгалзан хамтын ажиллагааг илүү зорилтот, үр дүнтэй байдлаар хөгжүүлэх ач холбогдолтойг Сайд Б.Батцэцэг онцлоод, өнгөрсөн хугацаанд улс хоорондын харилцааг өргөжүүлэхэд оруулсан тэдний хувь нэмэрт талархал илэрхийлэв.

Уулзалтаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин болон экспортын боломжийн талаар мэдээлэл өглөө. Мөн Америк тивийн улс орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр оролцогчид дэлгэрэнгүй санал солилцсон байна. Америк тивийн улс орнуудад Монгол Улсыг сурталчлан таниулах, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахад Өргөмжит консулууд цаашид ч идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ илэрхийллээ.
Г.ГАНЦЭЦЭГ







Улс төр




