Dark Light
Улс төр | 2026-09-27

"СОНГОЛТ ХИЙХ САНАА ӨӨРӨӨ ДЭНДҮҮ ШИНЭЛЭГ БАЙСАН", — ЦЭДЭВДАМБЫН ОЮУНГЭРЭЛ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

УИХ-ын гишүүн, сайд асан, зохиолч, улс төрийн зүтгэлтэн Цэдэвдамбын Оюунгэрэл Монголын ардчилсан, тайван хувьсгалын үеэр нас биенд хүрч байжээ. Гурав гаруй арваны дараа тэрээр "Novastan" цахим сэтгүүлийн ерөнхий редактор Матью Лемоинтой авилга, намын санхүүжилт, улс төр дэх эмэгтэйчүүд, залуу сонгогчид, орон нутгийн ардчилал болон тус улсын коммунист өнгөрсөн үеийг санах нь яагаад чухал хэвээр байгаа талаар ярилцсаныг Zogii.mn хүргэж байна.

1989-1990 оны өвөл Монголын ардчилсан хувьсгал өрнөхөд Ц.Оюунгэрэл 24 настай байв. Тайван замаар шилжсэн шилжилт нь нэг намын засаглалыг эцэс болгож, олон намын сонгууль, улс төрийн олон ургальч үзлийн замыг нээж, улмаар 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан юм.

Гэсэн хэдий ч Ц.Оюунгэрэлийн хувьд энэхүү өөрчлөлт нь Үндсэн хуулийн үг хэллэг гэхээсээ илүү шууд мэдрэгдэх амьд зүйл буюу гэнэт бий болсон сонголт хийх боломжоор илэрхийлэгдэж байв. 

"Сонголт хийх боломжтой байна гэдэг санаа өөрөө дэндүү шинэлэг байсан" гэж тэрээр "Novastan"-д ярьжээ. Үг хэлэх, аялах, ном унших, улс төрд оролцох эрх чөлөө нь ердөө хэдхэн хугацааны өмнө төсөөлөхийн аргагүй зүйл байсан юм. 36 жилийн дараа тэрээр Монголынхоо "дотооддоо бүтээсэн ардчилал"-аар туйлаас бахархдаг хэвээр байгаа ч үүний дотор хөгжиж ирсэн улс төрийн институтуудад илүү шүүмжлэлтэй ханддаг болжээ. 

Түүний санаа зовж буй асуудлууд намын санхүүжилт, авилгаас эхлээд орон нутгийн засаг захиргаанд иргэдийн оролцоо буурч байгаа хүртэл үргэлжилнэ. Үүний зэрэгцээ тэрээр залуу сонгогчид, эмэгтэйчүүд улс төрд орох нь хэвийн үзэгдэл болж байгаа явдал болон ардчилсан эрх чөлөөгөө хамгаалахад бэлэн байдаг олон нийтийн хүсэл эрмэлзлээс өөдрөг байх шалтгааныг олж харж байна.

"Сонголт хийх санаа өөрөө дэндүү шинэлэг байсан"

Novastan: Та 1990 оны Монголын тайван ардчилсан хувьсгалын үеэр 24 настай байсан бөгөөд тухайн үед Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг олж нээсэн нь таныг төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн гэж тодорхойлсон байдаг. Бараг гурав гаруй арваны дараа эргэн харахад, 1990 оны ардчиллын амлалтаас Монгол Улс аль хэсгийг нь хамгийн амжилттай биелүүлсэн бэ, мөн хаана нь хамгийн их дутагдалтай байна вэ?

Ц.Оюунгэрэл: Намайг 24 настай байхад чөлөөт зах зээл, үг хэлэх эрх чөлөө, аялах эрх чөлөөтэй болж чадна гэдэг санаа миний сэтгэлийг маш их татаж байсан. Олон намын систем, сонгууль гэдэг нь бидний сайн мэддэггүй зүйл байсан ч зүгээр л илүү олон сонголттой, тэр дундаа улс төрд сонголттой болно гэдэгт би маш их баярлаж байлаа. 

Сонголт хийх боломжтой байна гэдэг санаа өөрөө дэндүү шинэлэг байсан юм. Дуртай зүйлээ сурч, уншиж, үзэх эрх чөлөөтэй байна гэдэг гайхалтай байсан. 1990 оны ардчилсан хувьсгал тухайн үеийнхээ амлалтуудыг биелүүлж, бидний төсөөлж байснаас ч илүү их зүйлийг өгсөн.

Бид Монголдоо өөрсдийн гараар ардчиллыг цогцлоож чадсанаараа маш их бахархдаг. 36 жилийн дараа эргээд харахад бидний туулж өнгөрүүлсэн энэхүү өөрчлөлт намайг бишрүүлсэн хэвээр байна. Гэвч одоо бид ирээдүйнхээ төлөө ажиллаж, улс төрийн намууд болон засгийн газраа авилгаас ангижруулах хэрэгтэй бөгөөд үүнийг би манай улсын ардчиллын хамгийн том дайсан гэж харж байна.

Орос, Хятадын дундах ардчилал

Novastan: Монгол Улсыг олон улсад Орос, Хятадын дундах ардчиллын онцгой жишээ гэж байнга танилцуулдаг. Энэхүү тодорхойлолт улс дотроосоо харахад үнэн зөв санагддаг уу, эсвэл Монголын ардчилсан институтууд болон улс төрийн соёлын сул талуудыг нуун дарагдуулдаг уу?

Ц.Оюунгэрэл: Би энэ тодорхойлолттой санал нийлдэг. Бид хөршүүд болон бусад пост-коммунист орнуудын хийж зүрхлээгүй олон шийдвэрийг гаргасан. Манай замнал цус урсгалгүй, гаднаас нь харахад саадгүй байсан ч үүний цаана өнөөдрийг хүртэл үргэлжилж буй өдөр тутмын олон тэмцэл байдаг. 

Заримдаа Монголын тэсгим өвлийн хүйтэн ч гэсэн хүмүүс засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн жагсахад бэлэн байгаа эсэхийг шалгадаг юм. Залуучууд хасах 30 хэмд жагсаж байхыг харах нь надад маш шинэлэг бөгөөд яг л монгол зан чанар шиг санагддаг шүү. 

Гэхдээ манай ардчилсан институтууд болон улс төрийн соёлын сул талуудын тухайд гэвэл, хамгийн сул институтууд бол хамгийн том хоёр нам болох Монгол Ардын Нам болон Ардчилсан Нам юм гэж би үздэг. Тэдний санхүүжилтийн систем нь тогтворгүй бөгөөд миний бодлоор ардчилал, сайн засаглалыг системтэйгээр устгаж байна.

Эдгээр хоёр нам улс төрийн баялгийн төлөөх аюултай өрсөлдөөнийг бий болгосон. Энэ нь Монголын ардчиллын ирээдүйд учрах гол эрсдэлүүдийн нэг юм.

29 жилийн дараа Ардчилсан Намаас гарсан нь

Novastan: Та Иргэдийн Оролцооны Нэгдэл Намыг (ИОНН) байгуулахаасаа өмнө Ардчилсан Намд олон жилийг өнгөрүүлсэн. Одоо байгаа сөрөг хүчнийг шинэчлэхээс илүүтэйгээр Монголд шинэ улс төрийн нам хэрэгтэй гэдгийг танд юу итгүүлсэн бэ?

Ц.Оюунгэрэл: 29 жил үнэнч гишүүн нь байсан Ардчилсан Намаа орхих нь миний амьдралдаа гаргаж байсан улс төрийн хамгийн хүнд, шаналалтай шийдвэр байсан. Яг л хайртай хүнээсээ салж байгаа мэт уйлж байлаа. Гэвч эцэст нь би "одоо хангалттай" гэж шийдсэн юм.

Би олон жилийн турш намын өдөр тутмын үйл ажиллагаа болон дотоод сонгуулиа явуулдаг санхүүгийн системийг ил тод шүүмжилсээр ирсэн. Намын барьцаа, хураамж улам бүр нэмэгдсэний улмаас олон залуучууд, эмэгтэйчүүд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөх боломжгүй болсон. Нэгэн парламентын сонгуулийн мөчлөгт дотоод сунгаанд оролцох хүмүүсээс 100 сая төгрөг (ердөө 24,000 евро) нэхэж байв. 

Энэ системийг өөрчлөх гэсэн миний оролдогууд бүтэлгүйтсэн гэсэн дүгнэлтэд хүрээд би Ардчилсан Намаас гарч, Иргэдийн Оролцооны Нэгдэл Намыг (ИОНН) байгуулахаар шийдсэн. Үзэл баримтлалын хувьд ИОНН нь Ардчилсан Намтай ойрхон боловч бид өөр институцийн соёлыг төлөвшүүлэхийг хичээж байна.

Жирийн монгол иргэнд улс төр нээлттэй, санхүүгийн хувьд боломжийн байх нь энэхүү алсын харааны гол цөм юм. Институтууд заавал том, үнэтэй байх албагүй. Тэд иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх талбар болох ёстой. Залуучууд, эмэгтэйчүүд, жижиг бизнесийн эзэд, тэр байтугай тэтгэврийн хөгшчүүл ч хувийн их хэмжээний хөрөнгө мөнгө шаардахгүйгээр оролцох боломжтой байх ёстой.

Парламентад эмэгтэйчүүд олширсон ч бэрхшээл байсаар байна

Novastan: 2024 оны парламентын сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл мэдэгдэхүйц нэмэгдсэн. Монголын 126 суудалтай болж өргөжсөн парламентад 32 эмэгтэй сонгогдож, эмэгтэйчүүдийн төлөөллийг 25.4 хувьд хүргэлээ. Үүнээс 24 нь хүйсийн сэлгээний (зиппер) шаардлага бүхий намын жагсаалтаар парламентад орж ирсэн. Эмэгтэйчүүд тойргийн тэмцлээс илүү хувь тэнцүүлсэн намын жагсаалтаар хамаагүй илүү амжилт үзүүлсэн нь квот болон сонгуулийн шинэчлэл үр дүнгээ өгч байгааг харуулж байна уу, эсвэл эмэгтэйчүүд улс төрийн эрх мэдэлд хүрэхэд гүн гүнзгий бэрхшээл байсаар байгааг илтгэж байна уу?

Ц.Оюунгэрэл: 2012 онд парламентын сонгуульд хувь тэнцүүлсэн төлөөллийг анх нэвтрүүлснээс хойш парламентад эмэгтэйчүүдийн оролцоо тогтвортой өсөж байгаа. Гэхдээ энд нэг сонирхолтой ялгаа бий. 2012 онд эмэгтэй гишүүдийн 45 хувь нь тойргоос сонгогдож байсан бөгөөд үүнд би өөрөө багтаж байлаа. Тэгвэл 2024 онд энэ үзүүлэлт ердөө 25 хувь болж буурсан.

Миний бодлоор 2024 онд тойрогт эмэгтэйчүүд бага амжилт үзүүлсэн нэг шалтгаан нь тэдгээр тойргуудын хэмжээ хэтэрхий том байсантай холбоотой. Сонгуулийн шинэчлэл, квотууд ерөнхийдөө ажиллаж байгаа ч, хэрэв тойргийн хэмжээ боломжийн байсан бол эмэгтэйчүүд илүү хүчтэй төлөөлөлтэй болох орон зай байх байсан.

Novastan: Та эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны чиглэлээр олон арван жил ажиллаж байна. 1990-ээд оноос хойш юу хамгийн гүн гүнзгий өөрчлөгдсөн бэ?

Ц.Оюунгэрэл: Миний улс төрд өнгөрүүлсэн 35 жилийн хугацаанд гэрчилсэн хамгийн том өөрчлөлт бол улс төр эмэгтэй хүний хувьд хэвийн үйл ажиллагаа болсон явдал юм. Нийгэм өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийг улс төрийн амьдралд оролцохыг илүүтэй хүлээн зөвшөөрдөг болсон.

Гэхдээ эсэргүүцэл хүчтэй хэвээр байгаа бүс нутгууд бий. Тухайлбал, Монголын зүүн тал нутаг, Сүхбаатар аймагт морины соёлтой холбоотой эрчүүдийн уламжлал онцгой давамгайлсан хэвээр байдаг. Баян-Өлгий аймагт ч мөн адил эмэгтэйчүүд улс төрд оролцоход өөр төрлийн соёлын болон нийгмийн бэрхшээлүүд тулгардаг. 

Хамгийн гол нь үндсэн ойлголт өөрчлөгдсөн. Эмэгтэй хүн улс төрд орж байгааг нийгэм угаасаа байж болзошгүй ердийн зүйл гэж хардаг болсон байна.

Залуу үеийн улс төрийн соёл

Novastan: Та 2024 онд залуучууд саналаа өгч, улс орноо өөрчлөх эрмэлзэлтэй байгааг хараад ам сайтай байсан. Монголын залуу үе ардчилсан шилжилтийг удирдаж байсан тэр үеийнхнээс өөр улс төрийн соёлыг төлөвшүүлж чадаж байна уу?

Ц.Оюунгэрэл: Тийм ээ. Залуу үеийнхэн Монголыг ардчилсан шилжилт рүү хөтөлж байсан үеийнхнээс хамаагүй илүү интернэтээр холбогдсон байдаг. Тэд авилга болон улсын хөрөнгийг буруугаар ашиглах явдлыг таслан зогсоохыг шаардаж байна, энэ бол уламжлалт намуудын бүдэрсэн талбар юм.

Тэд мөн илүү ил тод байдал, ёс зүйн өндөр стандарт болон татварын дарамтыг бууруулахыг шаарддаг. Хамгийн сонирхолтой нь тэд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх арга барил юм. Тэд хошин шог, сошиал медиа, хөгжим болон бусад бүтээлч харилцааны хэлбэрүүдийг өмнөх үеийнхнээс хамаагүй илүү натурал байдлаар ашигладаг.

Орон нутгийн ардчиллыг дотроос нь олж мэдээд "цочирдсон" нь

Ц.Оюунгэрэл одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэхүү туршлага нь түүний үндэсний улс төрд олон жил ажиллахдаа бий болгосон төсөөллүүдийг өөрчилжээ.

Novastan: Орон нутгийн түвшинд ажиллах нь таны ардчиллын талаарх бодлыг өөрчилсөн үү? 

Ц.Оюунгэрэл: Олон иргэд орон нутгийн засаг захиргаанаасаа хэрхэн тасарч, алслагдсан байдлыг хараад би үнэхээр цочирдсон. Засгийн газрын хөтөлбөрүүдээс шууд ашиг хүртдэг иргэд зарим талаар харилцаатай байдаг ч бусад олон иргэд орхигдсон мэт харагддаг. 

Орон нутгийн ардчилалд иргэдийн оролцох түвшин 2012-2016 оны үетэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байна. Иргэдэд орон нутгийн төсвийн сонсголд оролцох эсвэл хорооны түвшний төсвөөр дамжуулан бичил төсөл санал болгох боломж өмнөх шигээ байхаа больсон. Тиймээс орон нутгийн түвшинд ажиллах нь надад улс төрийн шинэ зорилго өгсөн: энэ бол орон нутгийн засаг захиргаанд иргэдийн эрх мэдлийг сэргээх явдал юм. Монгол Улс сүүлийн арван жилд орон нутгийн түвшинд ардчиллаас ухарсан гэж би үзэж байна. 

Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүргийн нэгэн жишээг дурдлаа. 2024 оны арваннэгдүгээр сард дүүргийн төлөөлөгчид дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал хураажээ. Тэрээр энэ шийдвэрийг эсэргүүцэж, улмаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлд гомдол гаргасан байна. Түүний хэлснээр, зөвлөлөөс орон нутгийн төлөөллийн байгууллагуудад шүүгчид ийм зөвлөлд оролцох ёсгүй гэсэн чиглэл өгсний дараа Хан-Уул дүүргийн хурал шийдвэрээ цуцалжээ. 

Жорлон сайд асан эмэгтэйд улс төрийн талаар юу зааж өгөв?

Ц.Оюунгэрэлийн улс төрийн хамгийн бодит сургамжуудын зарим нь парламентаас биш, харин түүний "Нутгийн шийдэл" сангаар дамжуулан хэрэгжүүлсэн "Жорлонгоо өөрчилье" аянаас үүдэлтэй ажээ.

Novastan: Таны анхан шатны ажил ариун цэврийн байгууламж, амьдралын чанарын маш практик асуултууд дээр төвлөрдөг. Энэ нь үндэсний бодлого болон өдөр тутмын бодит амьдрал хоорондын зөрүүний талаар танд юу сургасан бэ? 

Ц.Оюунгэрэл: Тэр зөрүү асар том. Улс орон хэдий чинээ их баялаг бүтээнэ, улс төрчид анхан шатны бодит амьдралаас төдий чинээ холдож чаддаг. Хэрэв шийдвэр гаргагчид монголчуудын амьдралын наад захын бодит байдал, байгаль орчныг илүү сайн ойлгож, амьдрах орчныг сайжруулахад илүү үр ашигтай хөрөнгө оруулалт хийсэн бол Монголын бүрдүүлж буй нөөц бололцоо агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл орчин бүрдүүлэхэд хамаагүй илүү үүрэг гүйцэтгэх байсан гэж би итгэдэг. 

Сүүлийн есөн жилийн турш нүхэн жорлонг солих чиглэлээр ажилласан маань айл өрхүүд шийдвэрээ хэрхэн гаргадаг, юуг урьтал болгодог, тэдэнд үнэхээр юу чухал болохыг надад ойлгуулсан. Гэр бүлүүдээс суралцаж, тэдний хэрэгцээнд дасан зохицож, асуултад нь хариулж явахдаа би өөрөө улс төрийн карьерынхаа ихэнх хугацаанд бодит амьдралаас ямар их тасарчихсан байснаа ухаарсан. Би яг л "газар дээр буугаагүй" тэр улс төрчдийн нэг байсан юм. 

Миний тооцоолсноор дундаж монгол өрх сард 950 орчим долларын (835 орчин евро) орлогоор амьдардаг бөгөөд энэ орлогоо орон сууц, хоол хүнс, дөрвөн улирлын хувцас, өвлийн халаалт, сургууль, тээвэр гээд маш хатуу уур амьсгалтай шууд нүүр тулан хуваарилах шаардлагатай болдог. Ариун цэврийн байгууламжийг зүгээр л үнэгүй тарааж өгөхийн оронд зах зээлийн механизмаар дамжуулан өөрчлөх гэж оролдсон нь магадгүй миний гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан, учир нь энэ нь хүмүүс юуг бодитоор сонгоход бэлэн байгааг ойлгоход биднийг хүчилсэн юм. 

Ахиц дэвшил маш удаан байна, есөн жилийн хугацаанд 1600 орчим жорлонг өөрчилсөн, гэхдээ энэ удаан байдал нь өөрөө үнэ цэнэтэй сургамж боллоо. Зөвхөн удаан байна гээд би зогсохгүй. Ирэх зун бид төслийг хөдөө орон нутаг руу улам гүнзгийрүүлж, тал нутагт зуслан байгуулан, Улаанбаатарт шинэ үзүүлэх танхим, борлуулалтын цэгүүдийг нэмэхээр төлөвлөж байна. 

Ардчилал ба геополитик

Novastan: Монголын ардчилсан өвөрмөц байдал нь Орос, Хятадын дунд орших газар зүйн байрлалаас шалтгаалан геополитикийн хувьд байнга хэлэлцэгддэг. Энэхүү газар зүйн байрлал өнөөдөр тус улсыг улс төрийн хувьд хэр зэрэг хязгаарлаж байна вэ?

Ц.Оюунгэрэл: Манай дотоод ардчилсан үйл явц геополитикоос харьцангуй тусгаарлагдмал байдаг ч ботууд болон цахим орчин дахь хуурамч мэдээлэл зэрэг шинэ сорилтууд гарч ирж байна.

Монголын газар зүйн өвөрмөц байрлалаас шалтгаалаад гадаад бодлого нь намуудын өрсөлдөөний талбар болох ёсгүй гэсэн улс төрийн өргөн хүрээний зөвшилцөл түүхэндээ байсаар ирсэн. Энэхүү зөвшилцөл нь улс төрийн хүчнийхэн олон улсын асуудлаар өөр өөр байр сууриа хэр нээлттэй илэрхийлэхийг хязгаарлаж болох ч, Монголын дотоод улс төрийн өрсөлдөөнийг геополитикийн том хуваагдалд бүрмөсөн автахаас сэргийлдэг. 

1990 оноос өмнөх үеийг санах нь

Ц.Оюунгэрэлийн улс төрийн ажил өөр нэгэн чухал сэдэв болох түүхийн санах ойтой эртнээс давхацсаар ирсэн. Түүний уран зохиолын бүтээлүүд нь Монголын коммунист үеийн хэлмэгдүүлэлт, нийгмийн өөрчлөлтийг өөрийн гэр бүлийн түүхээр дамжуулан судалсан байдаг. 

Novastan: Өнөөдөр Монголын ардчилалд түүхийн санах ой хэр зэрэг чухал вэ? Залуу монголчууд 1990 оноос өмнөх хэлмэгдүүлэлт, дарангуйллыг хангалттай ойлгодог уу?

Ц.Оюунгэрэл: Ардчиллын эхэн үед миний айж байсан нэг зүйл бол хуучин коммунист системийн улс төрчид залуу үеийнхний дунд коммунист өнгөрсөн үеийг санагалзах үзлийг өдөөж, авторитаризмыг дахин сонирхолтой болгох вий гэсэн айдас байсан.

2005 онд засгийн газрын албан тушаалтнууд 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг баримтжуулсан гурван боть судалгааны бүтээлийг нууцаар шатаасан. Миний хувьд энэ нь дохио болсон юм. Залуу монголчууд өөрсдөө коммунизмыг туулаагүй. Хэрэв манай үеийнхэн тэр системийн бүрэн бодит байдлыг дүрслэн үлдээхгүй бол тэд зөвхөн түүхийн гэрэлтсэн, суртал ухуулгын хувилбарыг л олж харах болно. Энэ нь миний хувьд түүхэн уран зохиолын гурван боть ном бичих нэг шалтгаан болсон юм: 1937-1946 оныг хамарсан "Ногоон нүдэн лам", 1947-1952 оныг хамарсан "Жаран цагаан хонь", болон манай түүхийн сурах бичгүүдэд социализмын албан ёсны "ялалт" гэж тэмдэглэсэн 1959 оны үеийг харуулсан "Үүрийн голын чулуу" номнууд юм. 

Эдгээр номнууд хамтдаа хувийн эдийн засгийн үйл ажиллагааг устгаж, хүмүүс бизнес эрхлэх, бие даан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл мал сүргээ чөлөөтэй өсгөх боломжгүй болсон үед юу тохиолдсоныг өгүүлдэг. Намайг хамгийн их баярлуулдаг зүйл бол эдгээр номыг залуучууд маш их уншсаар байгаа явдал юм. Монголын залуу үе улс орныхоо түүхийг ойлгохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бөгөөд үүнийг би маш их урам зориг өгөхүйц зүйл гэж харж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19