ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Иоханн Вадефулын зүгээс Европын чиглэлд гаргаж буй "аюултай хурцадмал байдлыг даамжруулах" алхмуудаа ухраах уриалгыг эрс няцааж, Берлинийг Украины "гол ивээн тэтгэгч" хэмээн буруутгав. Европын "Euronews" агентлагийн 2026 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдээлснээр, хоёр улсын дипломат нарын уулзалт Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр бямба гарагт өрнөжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр, Германы сайд Москваг Украины дайныг зогсоох чин хүсэл эрмэлзэл гаргасан тохиолдолд Берлин харилцаагаа сайжруулахад нээлттэй байгааг дурдсан байна. Гэвч С.Лавров НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ Герман улсыг Дэлхийн хоёрдугаар дайны сургамжийг мартаж, Европт дахин цэргийн тэргүүлэх гүрэн болохыг эрмэлзэж байна хэмээн шүүмжилжээ.
Дроны халдлага ба Консулын газруудыг хаасан хямрал
Герман, Оросын харилцаа өнгөрсөн есдүгээр сарын эхээр Лейпциг/Халле нисэх буудалд болсон дроны халдлагын ард Москва байгааг Берлин буруутгаснаас хойш туйлдаа хүртэл муудаад байсан юм. Үүний хариуд Герман улс Оросын Бонн дахь консулын газар болон Берлин дэх соёлын төвийг хаах шийдвэр гаргаж, Оросын иргэдэд хилийн хяналтаа чангатгасан билээ. Оросын тал үүнийг "утга учиргүй гүтгэлэг" гээд, үр дагаврыг нь Германы засгийн газар бүрэн үүрнэ гэж заналхийлж байсан юм. С.Лавров бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ уг хэргийг "эзэнгүй дрон" байсныг Герман шууд Оросынх болгож гүтгэсэн хэмээн үгүйсгэв.
Үүнтэй зэрэгцэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт хийсэн дүрс бичлэгтээ Кремль дайныг зогсоох ямар ч бэлтгэлгүй байгаа бөгөөд Путин үргэлжлүүлэн хүн алахаа зөвтгөх шалтаг хайж байна хэмээн мэдэгдсэн байна.
ТАТАР МАЙДАР






Улс төр




