Dark Light
Улс төр | 2026-09-30

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮЧИРХЭГЖИЖ БУЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ БАЙНА, — ТАКАИЧИ САНАЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Саяхан би Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай дээд хэмжээний уулзалт хийж, ажлын оройн зоог барилаа хэмээн Японы улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ өөрийн Х цахим хуудсанаа бичжээ. Zogii.mn түүний бичсэн тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.

… Саяхан би Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай дээд хэмжээний уулзалт хийж, ажлын оройн зоог барилаа.

Дээд хэмжээний уулзалтын эхэнд би Ерөнхий сайд Ням–Осорын Учралыг үүрэгт ажилдаа орсноос хойших анхны хоёр талт айлчлалынхаа чиглэлээр Япон улсыг сонгон ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын хамгийн чухал "гуравдагч хөрш"-ийн хувьд, хувьсан хөгжиж буй "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай (FOIP)" үзэл баримтлалын дор Монголын бие даасан байдал болон тэсвэртэй байдлыг Япон улс үргэлжлүүлэн дэмжих болно гэдгийг мэдэгдлээ.

Үүн дээр үндэслэн, бид "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх онцгой стратегийн түншлэл"-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр ахиулах амлалтаа бататгаж, аюулгүй байдлын салбар болон хиймэл оюун ухаан (AI) зэрэг шинэ салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр тохиролцов.

Түүнчлэн, ирэх жил тохиох "Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой"-г санаж, тухайн үеийн Ерөнхий сайд Кишида болон Ерөнхийлөгч Ухнаагийн .Хүрэлсүх нарын зарласан 2022 оны хамтарсан мэдэгдэл болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан, эдийн засгийн салбарыг оролцуулсан хамтын ажиллагааны ахиц дэвшлийг хамтран дүгнэж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ. 

Үүнээс гадна, сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг хүчирхэгээр өсөж буйг харгалзан үзэж, хувьсан хөгжиж буй FOIP-ийн хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар санал солилцсон бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын бизнес эрхлэх орчныг сайжруулах санаачилгыг дэмжих хэлэлцүүлгийг улам гүнзгийрүүлэх, татварын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн урьдчилсан зөвлөлдөх уулзалтыг хийхээр тохиролцов.

Энэхүү дээд хэмжээний уулзалтын боломжийг ашиглан, өнөөдөр бид Японы компаниуд үйл ажиллагаанд нь оролцож буй "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх иений хөнгөлөлттэй зээлийн Тэмдэглэл бичигт (E/N) гарын үсэг зурж, солилцлоо.

Агаарын тээврийн холболтын түлхүүр болох "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Япон, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа нь нэн чухал бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Японы компаниуд болон Монгол Улс хоорондын худалдаа, бизнесийг дэмжихэд хувь нэмэр оруулах юм. 

Мөн бид Power Asia санаачилгын хүрээнд газрын тосны нөөц бүрдүүлэлт болон сэргээгдэх эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) зэрэг олон улсын индэр дээрх хамтын ажиллагаа болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх түншлэлээ улам бэхжүүлэх амлалтаа бататгахын зэрэгцээ, хулгайлагдсан иргэдийн (олзлогдогсдын) асуудалд Монгол Улс ойлгож, хамтран ажиллаж ирсэнд би Ерөнхий сайд Н.Учралд дахин талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учралын зүгээс Япон улс "энх тайвныг эрхэмлэгч улс"-ын хувиар олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд урт хугацаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2022 оны хамтарсан мэдэгдлийн агуулгыг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын хамгийн чухал "гуравдагч хөрш"-ийн хувиар би цаашид ч Ерөнхий сайд Н.Учралтай нягт хамтран ажиллах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19