Бээжингийн Энэтхэг-Номхон далай дахь цэргийн нөлөө өсөн нэмэгдэж, Москва Украины эсрэг бүрэн хэмжээний түрэмгийлэл явуулж буй энэ эгзэгтэй цаг үед Япон улс Хятад, Оросын дунд хавчигдсан стратегийн чухал байршилтай, ардчилсан Монгол Улстай түншлэлээ улам бэхжүүлэхийг зорьж байна хэмээн Тhe Mainichi Shimbun бичжээ.
Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ болон Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар Токио хотноо дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны хөгжил цэцэглэлтийг шинэ шатанд гаргах, тэр дундаа дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ харилцан амлалаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Такаичи "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай (FOIP)" үзэл баримтлалыг Монгол Улс тууштай дэмжиж ирсэнд маш их урамшиж байгаагаа онцолсон бөгөөд энэхүү дипломат алхам нь бүс нутаг дахь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг сөрөх далд зорилготой юм.
Монгол Улс нь экспортын гол чиглэлийн хувьд Хятадаас, түлш шатахууны хувьд Оросоос маш их хамааралтай хэдий ч зөвхөн энэ хоёр хүчирхэг хөршөөр хязгаарлагдахгүй, Япон, АНУ зэрэг орнуудтай харилцаагаа өргөжүүлэх "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг идэвхтэй баримталдаг гэдгийг тус хэвлэлд тусгайлан дурджээ. Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, Япон улстай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын хамгийн чухал тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд цаашид ч нягт хамтран ажиллах бодолтой байгаагаа илэрхийлэв.
Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны удирдагчид Токиогийн хөнгөлөлттэй зээлээр баригдсан, далайд гарцгүй Монгол улсын холболтыг сайжруулах гол төсөл болох "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх тухай Тэмдэглэл бичигт гарын үсэг зурж, солилцсоныг өндөр үнэлэв. Ерөнхий сайд Н.Учрал тус өргөтгөлийн төслийг "Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэдэл" хэмээн тодорхойлсон байна. Сүүлийн жилүүдэд Япон, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, 2022 онд хоёр улсын түншлэлийг "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх онцгой стратегийн түншлэл" болгон ахиулсан билээ.
ТАТАР МАЙДАР







Улс төр




