Японы БХЯ-ны сайд Коизүми Шинжиро: Монгол Улстай батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргана
Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсны хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Дамбын Батлутын Япон Улсад хийж буй айлчлалын талаар мэдээлэл өглөө. Тэрээр 9 дүгээр сарын 30-ны өдөр Японы Батлан хамгаалах яаманд болох хоёр улсын сайд нарын уулзалтыг өндөр ач холбогдолтойд тооцож байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү айлчлал болон хэвлэлийн хурлын үеэр онцолсон гол баримтуудыг доор хураангуйллаа.
-
Стратегийн онцгой түншлэл: Сайд Ш.Коизүми Монгол Улсыг ОХУ болон БНХАУ-ын дунд оршдог геостратегийн нэн чухал байршилтайг тэмдэглээд, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг ижил үнэт зүйлстэй Японы "Онцгой стратегийн түнш" гэдгийг тунхаглав.
-
Идэвхтэй хамтын ажиллагаа: Талууд батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх дэмжлэг, цэргийн бие бүрэлдэхүүний харилцан солилцоог өргөжүүлэхээс гадна Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн Монголд зохиогдсон “Khaan Quest 26” олон улсын энхийг дэмжих сургуулилалтад амжилттай оролцсоныг дурдлаа.
-
Хоёр жилийн дараах анхны уулзалт: Энэхүү уулзалт нь 2024 оны 2 дугаар сараас хойш зохион байгуулагдаж буй Япон, Монголын Батлан хамгаалахын сайд нарын анхны биечилсэн уулзалт бөгөөд салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чиглэж байна.
Тэрбээр: “Энэ удаагийн уулзалтаар Япон, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, харилцааг цаашид хөгжүүлэх чиглэлээр илэн далангүй, тодорхой хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсэж байна. Мөн энэхүү боломжийг ашиглан Батлан хамгаалахын сайд Дамбын Батлуттай харилцан итгэлцлийг улам бэхжүүлэхийг зорьж байна” гэв. Монгол Улс, Япон Улс нь “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг тууштай өргөжүүлэн хөгжүүлж байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр




