Dark Light
Улс төр | 2026-10-01

ЯПОН БОЛ МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ЧУХАЛ “ГУРАВДАГЧ ХӨРШ”

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | jimin.jp

Японы эрх баригч, консерватив үзэл баримтлалтай Либерал Ардчилсан Намын (LDP) албан ёсны цахим хуудас jimin.jp-д дараах мэдээг нийтэлсэн байна.

Ерөнхий сайд Санаэ Такаичи Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай хэлэлцээ хийв

Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи 9 дүгээр сарын 29-ний өдөр, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш тус улсад анх удаа албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-осорын Учралтай дээд түвшний уулзалт хийлээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн хүрээнд аюулгүй байдал зэрэг олон талт салбарын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхээ нотлов.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Санаэ Такаичи Япон улс бол Монгол Улсын хувьд хамгийн чухал “Гуравдагч хөрш” гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын бие даасан, тогтвортой байдал болон эдийн засгийн дархлааг тууштай дэмжихээ илэрхийлсэн юм.

Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох бөгөөд талууд энэхүү түүхэн уулзалтыг цаг үеэ олсон үйл явдал хэмээн үзэж, эдийн засгийн түншлэлийг шинэ шатанд гаргахаар тохиролцлоо. Ерөнхий сайд Н.Учралын зүгээс Япон улсын Худалдааг дэмжих байгууллага болох ЖЕТРО (JETRO)-гийн төлөөлөгчийн газрыг Монголд нээх хүсэлт тавьсныг Ерөнхий сайд С.Такаичи нааштай хүлээн авч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Олон улсын сан (Japan Foundation)-гаас хэрэгжүүлдэг, Монголын ерөнхий боловсролын дунд, ахлах сургуулиудад япон хэлний багшийн туслахаар ажиллаж, соёлоо сурталчлах "Япон хэлний түншүүд" хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг энэ оноос эхлэн урт хугацаагаар томилон ажиллуулж, Монгол дахь япон соёлын дэлгэрэлтийг илүүтэй дэмжихээ амлалаа.

Түүнчлэн, Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2021 оны 7 дугаар сард ашиглалтад орсон Улаанбаатар хотын олон улсын "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх чиглэлээр хоёр улсын Засгийн газар шинээр зээлийн ноот бичигт гарын үсэг зурсныг хоёр орны Ерөнхий сайд нар баяртайгаар сайшааж, хувийн хэвшлийн худалдаа, бизнесийг хөхүүлэн дэмжихийн чухлыг дахин нотолсон байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19