Dark Light
Улс төр | 2026-10-02

КАНАДЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН СТРАТЕГИД МОНГОЛ УЛС ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Канадын Макдональд-Лорье институтын (Macdonald-Laurier Institute) цахим хуудаснаас тус институтын Зөвлөх зөвлөлийн гишүүн, Онтарио мужийн Монгол Улсын Хүндэт консул Брайон Вилфертийн бичсэн нэгэн сонирхолтой нийтлэлийг онцолжээ. Тэрээр "Канадад Монгол Улсыг аль нэг талыг сонгох шаардлага байхгүй. Харин ч эсрэгээрээ, Монгол Улсад гадаад харилцааны олон талт сонголт байх нөхцөлийг бид баталгаажуулах хэрэгтэй" хэмээн тэмдэглэсэн байна. 
 
Монгол Улс нь Канадын хувьд худалдааны томоохон түнш биш юм. Гэвч худалдаа бол хоёр талын харилцааны ач холбогдлыг хэмжих цорын ганц үзүүлэлт биш билээ. Монгол Улс Орос, Хятад хоёрын хооронд тэнцвэртэй бодлого баримтлан ажиллаж ирсэн олон арван жилийн туршлагаараа дамжуулан, их гүрнүүдийн өрсөлдөөн ид өрнөж буй энэ цаг үед эдийн засаг болон гадаад харилцаагаа төрөлжүүлэхийг зорьж буй Канадад чухал сургамж, боломжуудыг санал болгож байна хэмээн өгүүлжээ.
Нийтлэлийн гол агуулгыг хураангуйлан хүргэж байна:
  • Стратегийн газар зүй ба Гуравдагч хөршийн бодлого: Орос, Хятад гэх хоёр том гүрний дунд орших ардчилсан Монгол Улс газар зүйн байрлалаасаа шалтгаалан эдийн засгийн бодит хамааралд байдаг. Монгол Улс эдгээр хөршүүдээсээ бүрэн тусгаарлагдах боломжгүй тул Канад, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай гадаад харилцаагаа өргөжүүлэх "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Энэ нь геополитикийн төвийг сахих бус, харин стратегийн сонголтоо олон талт болгох замаар эмзэг байдлаа бууруулах гэсэн амин чухал хэрэгцээ юм.
  • Геополитикийн бодит байдал ба Канадад өгөх сургамж: Оросын цэрэг Украинд халдсанаас хойш Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Москваг буруутгасан тогтоолын төслүүдэд ерөнхийдөө түдгэлзсэн байр суурь баримталж ирсэн. Түүнчлэн Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ээс баривчлах тогтоол гаргасан байсан ч ОУЭШ-ийн гишүүн орны үүргийнхээ эсрэгээр 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эх орондоо хүлээн авсан бөгөөд ОУЭШ-ээс дараа нь Монгол Улсыг Путиныг баривчлах, шилжүүлэн өгөх хүсэлтэд хамтран ажиллаж чадаагүй гэж үзсэн байдаг. Гэсэн хэдий ч Монгол Улс ардчилсан Гуравдагч хөршүүдтэйгээ харилцаагаа нэгэн зэрэг бэхжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Канад, АНУ зэрэг орнуудтай хамтарсан цэргийн сургуулилалтад нэгдсээр ирсэн. Энэ нь геополитикийн төвийг сахисан гэхээсээ илүүтэй гадаад харилцаагаа олон талт болгох замаар үүссэн геополитикийн зайлшгүй шаардлага юм.Хэдийгээр харьцуулалтыг хэтрүүлж болохгүй ч үүнээс Канадын хувьд суралцах зүйл бий. Канад бол Их Долоогийн (G7) гишүүн, НАТО-гийн холбоотон бөгөөд АНУ-тай тогтоосон харилцаа нь Монгол Улсын Орос, Хятадтай харилцах харилцаанаас тэс өөр билээ. Гэвч Монголын туршлагаас харахад гадаад харилцаагаа олон талт болгох нь стратегийн хувьд уян хатан, тэсвэртэй байх эх үүсвэр болж чаддаг. Зорилго нь том гүрнүүдийг хооронд нь тоглуулах биш, харин сонголтуудыг бий болгох замаар өөрийн эмзэг байдлаа бууруулахад оршдог. Энэ нь Монголын хувьд Орос, Хятадтай хэвийн харилцаагаа хадгалахын зэрэгцээ Гуравдагч хөршүүдийн сүлжээгээ тэлэх; Канадын хувьд АНУ-тай тогтоосон амин чухал харилцаагаа хамгаалахын зэрэгцээ Европ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт худалдаа, хөрөнгө оруулалт, стратегийн түншлэлээ өргөжүүлэх гэсэн үг юм. Яг энэ цэг дээр Монгол Улсын "Гуравдагч хөршийн бодлого", Канадын "Энэтхэг-Номхон далайн стратеги" хоёр жам ёсоор огтолцож байна.
  • Эдийн засгийн түншлэл, уул уурхайгаас цааших боломжууд: Канад улс өмнө нь "Оюу Толгой" төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаараа Монголын уул уурхайн салбарын гол тоглогч байсан. Өнөөдөр Канад улс уул уурхайн салбарт, ялангуяа нэн чухал ашигт малтмалын чиглэлд Монголтой хамтран ажиллахаас гадна хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, цэвэр эрчим хүч, боловсрол, хиймэл оюун ухаан зэрэг бусад салбарт эдийн засгийн шинэ үеийн түншлэлийг хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн, энэ онд Канад-Монголын агаарын тээврийн хэлэлцээр өргөжиж, анх удаа шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн нь хоёр орны бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж байна.
  • Түншлэлээс бодит бодлого руу: Хоёр улс 2023 онд харилцаагаа "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэсэн. Канад улс Энэтхэг-Номхон далайн стратегийнхээ дараагийн шатанд Монгол Улсыг илүү тодорхой тусгах шаардлагатай. Үүний тулд "Канад-Монголын үйл ажиллагааны төлөвлөгөө" (Action Plan) болон "Нэн чухал ашигт малтмал, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг"-ийг байгуулж, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй хэмээн нийтлэлч зөвлөсөн байна.
Брайон Вилферт нийтлэлийнхээ төгсгөлд "Монгол Улс Канадын Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чиглэсэн бодлогын гадна үлдэх ёсгүй" гэдгийг онцолж, стратегийн уян хатан, тэсвэртэй байдал нь зөвхөн том гүрнүүдийн дунд тал сонгохоос биш, харин өөрийн гэсэн утга учиртай сонголтуудыг хадгалж үлдэх хангалттай харилцааг бий болгохоос бүрддэг болохыг сануулжээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19