Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны (АХБ) Ерөнхийлөгч Масато Кандад Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалийг гардууллаа. Энэхүү хүндтэй шагналыг Монгол Улс болон АХБ-ны хооронд тогтоосон 35 жилийн хөгжлийн түншлэлийн харилцаанд түүний оруулсан хувийн хувь нэмэр болон тус банкны дэмжлэгийг өндрөөр үнэлж олгосон байна.
Азийн хөгжлийн банкны (АХБ) Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, 2027 он хүртэл тус улсад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэхүү ажлын хүрээнд АХБ энэ долоо хоногт орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг шинэчлэх, эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын хүртээмж, чанарыг хамгаалах болон Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх чиглэлээр нийт 455 сая ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гурван гэрээнд гарын үсэг зурлаа.
АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда: “Иргэд хүүхдүүдийнхээ боловсрол, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хариуцдаг байгууллагуудад маш их итгэл хүлээлгэдэг. Энэхүү итгэлийг хүлээж, хадгалахын төлөөх Монгол Улсын хүчин чармайлт нь манай банкны зүгээс бүрэн дэмжлэг авах эрхтэй юм. Энэхүү санхүүжилт нь эдийн засгийн хүндрэлтэй үед амин чухал үйлчилгээнүүдийн найдвартай байдлыг хадгалах, гамшиг тохиолдоход ард иргэдээ хамгаалах улс орны чадавхийг бэхжүүлэхэд тусална” хэмээн онцлов.
Ноён Канда айлчлалынхаа үеэр Маршал харшид Сангийн сайд Мэндсайханы Загджавтай уулзсаныхаа дараа Төрийн ордонд Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай уулзахаар төлөвлөж байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр




