Dark Light
Улс төр | 2026-10-05

ЭНЭТХЭГ-МОНГОЛЫН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Энэтхэг болон Монгол Улсын армийн хамтарсан цэргийн сургуулилалт болох Nomadic Elephant сургуулилалтын 18 дахь удаагийн ажиллагаа Бямба гарагт Уттаракханд мужийн Питорагарх хотод өндөрлөлөө. 

Уг цэргийн сургуулилалт нь хоёр орны армийн хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, урт хугацааны найрамдал, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 9 дүгээр сарын 20-ны өдөр эхэлсэн юм. 

Албан ёсны мэдэгдэлд "Энэхүү сургуулилалт нь хоёр орны цэргийн бүрэлдэхүүнд хамтдаа бэлтгэл хийх, үйл ажиллагааны туршлага солилцох, шилдэг туршлагаасаа хуваалцах боломжийг олгосон бөгөөд ингэснээр хамтарсан орчинд нягт хамтран ажиллах чадварыг нь дээшлүүлсэн" гэж дурджээ. 

Бэлтгэл сургуулилалтыг гурван үе шаттайгаар зохион байгуулсан байна. 

  • Нэгдүгээр шат (9-р сарын 20-ноос 23-ны хооронд): Бие биетэйгээ танилцах болон нэгнийхээ үйл ажиллагааны журам, сургалтын арга барилтай дасан зохицоход чиглэлээ. 

  • Хоёрдугаар шат (9-р сарын 24-нөөс 30-ны хооронд): Хамтарсан бэлтгэл сургуулилалт болон байлдааны тактикийн сургуулилтаас бүрдэв.

  • Төгсгөлийн баталгаажуулах шат (10-р сарын 1, 2-ны өдрүүд): Хоёр орны цэргийн багууд өмнөх шатуудад хийсэн бэлтгэл сургуулилалтаа нэгдсэн хамтарсан сургуулилалтаар дамжуулан үнэлэх боломжийг олгожээ. 

Сургуулилалтын үйл ажиллагаанд тактикийн сургуулилт, тагнуул ба ажиглалт, технологийн үзүүлбэр, нисдэг тэргээр гүйцэтгэх ажиллагаа, шархдагсдыг зөөх болон нүүлгэн шилжүүлэх, мэргэн буудал, тусгай ур чадвар, дрон удирдах болон кибер аюулгүй байдал зэрэг багтсан байна. Мөн цэргийн багууд зохицуулалт болон харилцан ойлголцлыг сайжруулах үүднээс үйл ажиллагааны туршлага, шилдэг туршлагаасаа солилцсон юм.

Мэдэгдэлд "Хаалтын ажиллагаа нь сургуулилалт амжилттай болж өндөрлөснийг тэмдэглэхийн зэрэгцээ хоёр орны цэргийн багуудад сургуулилалтын явцад олж авсан туршлага, бэлтгэлээ эргэцүүлэн дүгнэх боломжийг олгосон юм. Мөн энэхүү арга хэмжээ нь Энэтхэг, Монгол Улсын баялаг соёл, цэргийн өв уламжлалыг харуулж, хоёр үндэстний хоорондын бат бөх хэлхээ холбоог улам тодотголоо" гэжээ. Үүнээс гадна спорт тоглоомууд нь хоёр орны цэргүүдийн дунд найрамдал, харилцан бие биенээ хүндэтгэх үзлийг бэхжүүлэхэд тусалсан гэдгийг нэмж дурдсан байна. 

Уг мэдэгдэлд энэхүү сургуулилалтыг Энэтхэг, Монгол Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан бас нэгэн чухал түүхэн алхам гэж тодорхойлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19