УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.10.05/-ийн ээлжит хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хуулийг 1994 онд батласнаас хойш Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ 3 дахин өргөжиж, газар нутгийн 21 орчим хувийг хамрах болсон гэв. Гэвч хамгаалалт, менежмент, санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоо, аялал жуулчлал, хот суурин үүссэн бүсийн асуудлыг цогцоор зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй болсон гэж үзжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь тусгай хамгаалалттай газар нутгийг зөвхөн хамгаалах бус, экосистемд суурилсан менежмент, тогтвортой ашиглалт, нутгийн иргэдийн оролцоо, тогтвортой санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэхэд чиглэж байгааг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Бүлгийн гишүүд хуулийн ажлын хэсгээс асуулт асууж хариулт авснаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.
Анх баталсан 1994 оны хуульд тусгай хамгаалалтын бүсийн ялгаа буюу хамгаалалтын дэглэм бага байсан бол шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой зааж тусгажээ.
- Онгон бүс – Хатуу хамгаалалт бүхий хүний нөлөөлөл бага
- Онцгой бүс – Шинжлэх ухааны судалгааг зөвшөөрнө.
- Хамгаалалтын бүс – Хяналт бүхий ашиглалтын зөвшөөрнө.
- Хязгаарлалтын бүс – Хуулийн зохицуулалт бүхий үйл ажиллагааг зөвшөөрнө.
Нутгийн иргэдийн ахуйн хэрэглээг дараах байдлаар зохицуулав.
- Өвөлжөө, хаваржааг хуульчлан үе дамжин ашиглах эрхийг баталгаажуулсан.
- Гэр, сууц, хашаа хороо, пүнз барих боломжийг тодорхой болгосон.
- Хадлан, түлээ, шургааг зэрэг ахуйн амьжиргаанд чиглэсэн уламжлалт үйл ажиллагаануудыг хуульчлан баталгаажуулна.
- Ойн дагалт баялгийг экологийн даацтай уялдуулан ашиглах зохицуулалтыг тусгасан.
- Байгалийн ургамал цуглуулах зохицуулалтыг шинэчлэн тусгасан байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь байгаль хамгаалалт, нутгийн иргэдийн эрх ашиг, тогтвортой хөгжил, аялал жуулчлал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, тогтвортой санхүүжилт болон олон улсын хамгаалалтын шинэ стандартуудыг нэгтгэсэн Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн шинэ үеийн тогтолцоог бүрдүүлж байгаа гэлээ.
АДМИН







Улс төр




