Өнгөрсөн өвөл буюу 2025-2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотод цахилгааны хязгаарлалт хийгдэж олон нийтийг бухимдуулж байсан. Тэгвэл энэ өвөл ч бас нийслэлчүүд анхдагч хэрэгцээ болох цахилгаанаа хязгаарлуулж магадгүй болоод байна. Учир нь эрчим хүчний салбарт засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн төсвийг бууруулж, зөрүүг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулахаар болжээ. Энэ тухай Эрчим хүчний сайд Б.Найдалаа өөрийн цахим хуудаст байр сууриа илэрхийлэн бичсэн байна.
Эрчим Хүчний Сайд Б:Найдалаа:
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр төсөв хулгайлдаг явдлын талаар товч сонирхуулья... Манай парламентын төлөвшил болоогүй байгаагийн л шинж байх даа...
Энэ удаагийн улсын төсвийн тодотголоор Эрчим хүчний салбарын төсөвт гурван тоо л өөрчлөгдөж байгаа.
Хасагдсан нь 5/31-нээс өмнө гэрээ байгуулж чадаагүй хөрөнгө оруулалтаас татагдсан 19.9 тэрбум, урсгал зардлаас хэмнэсэн 167.3 сая. Харин нэмэгдсэн нь татаас 200 тэрбум (импортын үнэд 107.3, засвар тоног төхөөрөмжид 97.3). Ингээд цэвэр дүнгээрээ 180 тэрбумаар нэмэгдэж нийт 604.7 тэрбум болж байгаа юм.
Бид бөөн бодлого, тооцоо, ажил, яриа хэлцэл болж, ярилцсаар, хасч талласаар энэ дүнд хүрсэн. Гэтэл өнөөдөр нэг гишүүн зүгээр л хүссэнээрээ "зарчмын зөрүүтэй" санал гаргаж санал хураалгаад 13.8 тэрбумыг нь өөр зориулалтаар болгож "дээрэмдлээ".
Тэр төсөв хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгыг нь үгүйсгээгүй. Харин УИХ-ын гишүүн бол тэрнийхээ төлөө урьдчилан төсөв зохиож боохоос өмнө бодох, тооцох, ажиллах, ярих, ятгах, нөлөөлөх, өөрөөр хэлбэл гишүүд улс төрөө өөрсдөө хийх ёстой юм.
Ингэж бусдын барьсан загасыг булааж авдаг шиг юм байж болохгүй, тийм бодлого, төсөв ч гэж байх ёсгүй. Төсөв болгоны цаана асуудал шийдэл, хөдөлмөр, ажил, хүн байгаа.
Энэ 200 тэрбумын татаасын ард импортын үнийн өсөлтийг иргэдэд үүрүүлэхгүй байх, мөн засвар үйлчилгээгээ хийж өвөлд өнтэй орох бодлого зорилго байгаа юм. Төсвийг нь танаад байвал ямар ажил бүтэх билээ.
Гомдоллосонгүй ээ, бодит байдлыг бичлээ. Эрчим хүчний салбараас их юм шаардах, шүүмжлэх хэрнээ үйлдэл нь эсрэг, төсвийг нь танадаг хорлон сүйтгэгч "бурангуй" явдлын зөвхөн нэгийг дурьдлаа.
Г.ГАНЦЭЦЭГ






Улс төр




