Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болох гэж байна. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад 20 гаруй орны парламентын төлөөлөгчид оролцох бөгөөд тэд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодол, туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.
Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт нар үг хэлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг чуулга уулзалтын бүгд хуралдааныг даргална. Төлөөлөгчид бүгд хуралдаанд үг хэлэхээс гадна сэдэвчилсэн 5 хуралдаанд оролцож, чуулга уулзалтын төгсгөлд тойм-дүгнэлт гаргана.
Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм.
Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон билээ.
ТАТАР МАЙДАР







Улс төр




