НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Зургаадугаар хорооны 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын терроризмыг устгах арга хэмжээнүүд” хэлэлцэх үеэр манай төлөөлөгч Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх, хуулийн мэргэжилтэн Пүрэвсүрэнгийн Энххүслэн үг хэлэв.
Тэрбээр Монгол Улс терроризмын бүх хэлбэр, илрэлийг эрс буруушааж байгаагаа илэрхийлж, цахим технологийг урвуулан ашиглах, цахим орчинд элсүүлэлт хийх, санхүүжилтийн шинэ арга хэлбэр нэвтрүүлэх зэргээр терроризмын аюул занал хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед үндэсний бэлэн байдлыг бэхжүүлэх, улс орнуудын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Үндэсний түвшинд Монгол Улс терроризмтой тэмцэх тогтолцоо, байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо, санхүүгийн хяналт болон мэргэжлийн чадавхаа бэхжүүлж байгааг танилцуулж, 2026 онд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, шуурхай хариу арга хэмжээ, ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Хаан шонхор” дадлага сургуулийг зохион байгуулсныг тэмдэглэв.
Түүнчлэн НҮБ-ын Терроризмтой тэмцэх дэлхийн стратегийн тэнцвэртэй хэрэгжилтийг дэмжиж, ес дэх удаагийн хянан хэлэлцүүлгийн үр дүнг үндэсний болон бүс нутгийн түвшинд бодитоор хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Мөн Олон улсын терроризмын тухай иж бүрэн конвенцын төслийн хэлэлцээг үргэлжлүүлж, энэ удаагийн чуулганаар Ажлын хэсгийг дахин байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
ТАТАР МАЙДАР







Улс төр




