Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Энэтхэг улсын тусламжтайгаар байгуулагдсан Цахим аюулгүй байдлын сургалтын төвийн үйл ажиллагааг Энэтхэгийн батлан хамгаалахын төлөөлөгчид шалгаж, танилцсан байна. Энэ үеэр Монголын тал Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний чадавхыг бэхжүүлэх, цахим аюулгүй байдал болон хэлний сургалтын чиглэлээр Энэтхэг улсаас үзүүлж буй тасралтгүй дэмжлэгийг өндрөөр үнэлснийг Энэтхэгийн Батлан хамгаалах яам баасан гарагт мэдээллээ.
Энэтхэгийн Батлан хамгаалах яамны Хамтарсан нарийн бичгийн дарга Ишита Гангули Трипатиар ахлуулсан төлөөлөгчид баасан гарагт Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол-Энэтхэгийн Хамтарсан ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.

Яамны албан ёсны мэдэгдэлд “Монголын тал хэлний сургалт, цахим аюулгүй байдлын чиглэлээр үзүүлж буй Энэтхэг улсын байнгын дэмжлэгт талархал илэрхийлж, чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох болон батлан хамгаалах салбарын гүнзгийрүүлсэн хамтын ажиллагаа нь Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо” гэжээ.
Гангули Трипати мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Жаргалсайханы Өсөхбаяртай уулзалт хийсэн бөгөөд талууд хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны ахиц дэвшилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мэдэгдэлд дурдсанаар, "Тэд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, батлан хамгаалах харилцааг бэхжүүлэх шинэ боломжуудыг тодорхойлж, Монгол-Энэтхэгийн Стратегийн түншлэлийн ирээдүйн чиг хандлагыг хэлэлцсэн" байна.
Доктор Гангули Трипати болон Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, бригадын генерал Эрхэмбаярын Гансүх нарын хамтран даргалсан Хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар талууд батлан хамгаалах салбарын өнөөгийн хоёр талт хамтын ажиллагааг дүгнэж, хэрэгжиж буй санаачилгуудын явцыг үнэлж, харилцан тохиролцсон чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн бүс нутаг болон олон улсын өрнөлийн талаар санал солилцсон байна.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр, "Хоёр тал “Нүүдэлчин заан” (Nomadic Elephant) хамтарсан сургуулилтыг амжилттай зохион байгуулж дуусгасныг өндрөөр үнэлсэн бөгөөд энэ нь Монгол, Энэтхэг улсууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө тууштай байгаагийн илрэл юм" гэв.
Мөн "Монгол, Энэтхэг улсууд түүх, соёл, иргэншлийн гүн гүнзгий хэлхээ холбоотой бөгөөд энэ нь өнөөгийн түншлэлийн бат бөх суурь болдог. Энэхүү айлчлал нь хоёр үндэстнийг ойртуулж буй нийтлэг шүтлэг, соёлын өвийн чухал үүргийг тодотголоо" гэдгийг тус тус тэмдэглэжээ.
Монгол-Энэтхэгийн хамтарсан цэргийн "Нүүдэлчин заан-2026" (Nomadic Elephant 2026) сургуулилтын 18 дахь удаагийн нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 21-ний өдөр Энэтхэгийн Уттаракханд мужийн Питхорагарх дахь Гадаад сургалтын төвд болсон бөгөөм уг сургуулилт есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдсан байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр




