Германы нөлөө бүхий Конрад-Аденауэрын сан (Konrad-Adenauer-Stiftung - KAS) өөрийн албан ёсны цахим хуудсандаа тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн, доктор Зөрэн Зойкагийн (Dr. Sören Soika) Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн айлчлалын тухай дүн шинжилгээ, тойм нийтлэлийг нийтэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 10 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна. Хэдийгээр Монгол улс газар зүйн хувьд алс хол оршдог, хүн ам цөөнтэй ч гэлээ энэхүү айлчлал нь хоёр талын хувьд туйлын чухал ач холбогдолтой юм. Монгол Улс нь Орос, Хятад гэх хоёр хүчирхэг хөршийнхөө дунд бие даан маневр хийх орон зайгаа хамгаалж үлдэхийн тулд ХБНГУ-ыг өөрийн хамгийн чухал, эрхэм түнш гэж үздэг. Нөгөө талаас Герман улс олон улсын нөхцөл байдал улам бүр тодорхойгүй, тогтворгүй болж буй энэ үед өөрийн үнэт зүйл, ашиг сонирхлыг хуваалцдаг дэлхий дахины түншүүдээ олж авах, тэдэнтэй харилцаагаа хадгалахыг идэвхийлэн зорьж байгаа бөгөөд Монгол улс нь яг ийм холбоотон мөн юм. Хоёр улс олон улсын дүрэм журамд суурилсан дэг журам болон түүхий эдийн салбарын хамтын ажиллагаанд ижил сонирхолтой байгаа ч амьдрал дээр зарим сорилтууд байсаар байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү айлчлал нь зүгээр нэг дипломат ёс төдий уулзалт биш, харин хоёр улсын ашиг сонирхлын гүн нэгдлийг илэрхийлж байна. Монголын хувьд Герман улс бол Орос, Хятад гэсэн хоёр аварга гүрний хэт давамгай нөлөөг тэнцвэржүүлэхэд туслах хамгийн чухал “Гуравдагч хөрш”, ардчилсан түнш нь юм. Монгол улс эрчим хүчний хувьд Оросоос, экспортын зах зээлийн хувьд Хятадаас бүрэн хамааралтай хэвээр байгаа нь түүний гадаад бодлогыг геополитикийн бодит үнэнтэй байнга нүүр тулгадаг. Хоёр авторитари дэглэмийн дунд орших ардчилсан улсын хувьд Монгол улс өөрийн улс төр, эдийн засгийн бие даасан байдлаа хамгаалахын тулд ийнхүү харилцаагаа гүнзгийрүүлэхийг хичээж байгаа бөгөөд Герман улс нь өдгөө Монголын Европ дахь цорын ганц Стратегийн түнш нь болоод байна.
Германы өнцгөөс харвал, дэлхийн томоохон гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед авторитар системээр хүрээлүүлсэн бүс нутагт дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг тууштай дэмждэг Монгол улс маш сэтгэл татам түнш юм. Үүнээс гадна Монголын газар доорх асар их баялаг, тэр дундаа орчин үеийн өндөр технологид нэн шаардлагатай стратегийн чухал ашигт малтмалын нөөц нь хоёр улсын эдийн засгийн харилцааг маш том ирээдүйтэй болгож байна.
Хэдийгээр улс төрийн таатай уур амьсгал байгаа ч хамтын ажиллагааны бодит үр дүн хоёр талын хүлээж байсан шиг тийм өндөр хэмжээнд хараахан хүрч чадахгүй байна. Үүний тод жишээ нь 2011 онд байгуулсан Түүхий эдийн түншлэлийн гэрээ юм. Энэ хүрээнд уул уурхайн дээд боловсролын салбарт тодорхой амжилтууд гарсан ч Германы томоохон компаниудын Монголын уул уурхайн салбар дахь бодит хөрөнгө оруулалт хязгаарлагдмал хэвээр байна. Үүнд Монголын хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, засаглалын сорилтууд болон хөрөнгө оруулалтын хүнд нөхцөлүүд нөлөөлж байгаагаас гадна Германы компаниудад өнөөдөр ийм аварга том төслийг бие даан хэрэгжүүлэх хүчин чадал дутагдаж байгаа тал бий. Тиймээс энэхүү түншлэлийн бодит чадамжийг нээхийн тулд хоёр талын улс төрийн илүү хүчтэй зүтгэл, нягт зохицуулалт шаардлагатай байна.
Хоёр улсын батлан хамгаалах, цэргийн бэлтгэл сургуулилалтын хамтын ажиллагаа амжилттай өргөжиж байна. Нөгөө талаас, Монгол улс Оросын Украинд хийж буй дайны эсрэг маш болгоомжтой байр суурь баримталж байгаа нь түүний газар зүйн байршил, эдийн засгийн хамаарлаас үүдэлтэй бодит үнэн юм. Герман улс Монголын энэхүү стратегийн хязгаарлагдмал, эмзэг байдлыг нь маш сайн ойлгож, прагматик харилцаа баримтлан, боломжтой бүх салбарт түншлэлээ гүнзгийрүүлэх хэрэгтэй.
Дотоод улс төрийн хувьд Монгол улс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны Парламентын сонгуулийн өмнөх чухал үедээ шилжиж байна. Эрх баригч Ардын нам давамгайлсан хэвээр байгаа ч эдийн засгийн хүндрэл, олон нийтийн бухимдал нь улс төрийн дүр зургийг тодорхойгүй болгож байна. Гэвч ирээдүйд сонгуулиар ямар ч үр дүн гарсан бай, Герман улстай тогтоосон ойр дотно харилцааг хадгалах нь Монголын гадаад бодлогын хөдөлшгүй гол зорилго хэвээр үлдэх болно. Германы хувьд энэхүү ардчилсан түнштэйгээ харилцаагаа бэхжүүлэх нь зарим салбарт хүлээлтэд бүрэн хүрээгүй байсан ч стратегийн хувьд асар их ашиг тусыг үргэлжлүүлэн өгсөөр байх болно.
ТАТАР МАЙДАР






Улс төр




