Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан явсан Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг тус улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонентой Хельсинки хотноо албан ёсны уулзалт хийлээ.
Сайд нар хоёр улсын хоёр талт харилцааг өргөжүүлэх болон олон улсын гадаад бодлого, аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Уулзалтын үеэр талууд эрчим хүч, боловсрол, геологи, ногоон эдийн засаг болон бизнесийн түншлэлийг идэвхжүүлэх талаар ярилцжээ. Түүнчлэн хоёр улсын иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх болон нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн ажлуудыг бодит үр дүнд хүргэхээр тохиролцсон байна.
Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонен Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг өөрийн эх оронд дахин угтан авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, жилийн өмнө эхлүүлсэн яриа хэлэлцээг ийнхүү амжилттай үргэлжлүүлж байгаа нь түнш орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Сайд нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна уулзалтын үеэр халуун дулаан, найрсаг уур амьсгал бүрдүүлж, дурсгалын зураг татуулсан байна.
ТАТАР МАЙДАР








Улс төр



