Dark Light
Улс төр | 2026-10-26

ХҮРЭЛСҮХ, ЛУКАШЕНКО НАР АЛБАН БУС УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | president.gov.by

Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар хоёр талын хэлэлцээгээ албан бус орчинд уулзаж эхлүүллээ.

Төрийн тэргүүн нар бие биетэйгээ халуун дотноор мэндчилэв. Александр Лукашенко Ухнаагийн Хүрэлсүхээс Беларусийн уур амьсгал болон өнөөгийн цаг агаар ямар санагдаж байгааг асуужээ. 

Монгол Улсын удирдагч "Би бороонд дуртай. Монголчуудад 'Сайн хүн орох борооноор' гэдэг зүйр үг байдаг" хэмээн онцлов. 

Үүний хариуд Александр Лукашенко "Манайд ч бас ийм үг бий. Бороо орвол сайн хүн ирлээ гэдэг" хэмээн хариулсан байна. 

Беларусийн төрийн тэргүүн "Би таныг өөрийн гэртээ дотно найзын хувиар хүлээн авч байна. Танд найрсаг ханддаг Беларусь улсад ийм урт замыг туулан нисэн ирсэнд тань талархаж байна" гэжээ. 

Тэрбээр 10 дугаар сарын 26-нд болох албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдал болон ирээдүйн талаар дэлгэрэнгүй хэлэлцэх шаардлагатайг тэмдэглэв. "Гэхдээ товчхондоо хэлэхэд, бид өөрсдийн болон Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой хоёр гурван төслөөс ажлаа эхлүүлж, маш идэвхтэй, хэвийн хамтын ажиллагааг эхлүүлэхийг санал болгож байна" гэж Александр Лукашенко хэллээ. 

Беларусь болон Монгол Улсад ижил төстэй зүйл маш их, үүний дотор хамтын агуу түүх байгааг Төрийн тэргүүн онцоллоо. "Бид түрэмгийлэгчдийн эсрэг хамтдаа тулалдаж байсан. Халхын гол, Эх орны их дайн (1941-1945). Энэ бүгд бидний хамтын түүх". 

"Хэрэв манай үеийнхэн өмнөх үеийнхний адил ямар нэгэн агуу зүйлийг бүтээж чадахгүй бол үр хүүхэд маань биднийг ойлгохгүй. Тийм ээ, бид худалдаа хийж байгаа. Гэхдээ өнөөдөр бидний хийж буй худалдааны эргэлтийн хэмжээ үнэхээр инээдтэй (хангалтгүй) түвшинд байна гэдэгтэй та санал нийлэх байх" гэж Ерөнхийлөгч хэлэв. "Тийм учраас бидний хэлэлцээний гол мөн чанар нь Беларусь-Монголын найрамдал, харилцааны бат бөх суурийг тавихад чиглэнэ. Бид та бүхний хувьд найдвартай найз байхыг хичээх болно". 

Ухнаагийн Хүрэлсүх энэ нь түүний Беларусь улсад хийж буй анхны айлчлал болохыг тэмдэглэв. "Би үзэсгэлэнт Беларусь улсын нийслэл, гайхалтай Минск хоттой аль хэдийн танилцаад амжлаа" гэж тэрбээр хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ням гарагт буюу 10 дугаар сарын 25-ны өдөр Эх орны их дайны түүхийн музейд зочилж, мөн Беларусийн Онцгой байдлын яамны Амьдралын аюулгүй байдлын боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцсанаа хуваалцав. 

"Миний сэтгэлд төрсөн хамгийн эхний зүйл бол таны ухаалаг, алсын хараатай удирдлага дор Бүгд Найрамдах Беларусь Улс маш өндөр түвшинд хөгжсөнд бахархах сэтгэл байлаа. Цэлгэр уудам нутаг, байгаль, цаг агаартай нийслэл Минск хот надад маш сайхан сэтгэгдэл үлдээлээ" гэж Ухнаагийн Хүрэлсүх хэлэв. "Бид бусад орнуудад төрийн янз бүрийн айлчлал хийдэг ч Беларусь улсад зочилж, Минск хоттой танилцах нь огт өөр ертөнц шиг санагдлаа. Учир нь бусад нийслэл хотуудаас ялгаатай нь энэ хот надад дэлхий дээрх диваажин шиг санагдаж байна. Орон нутгийн цаг агаар, байгаль үнэхээр гайхалтай юм. Надад танай улс, түүний дотор нийслэл Минск хот болон дэд бүтэц нь маш их таалагдлаа". 

Беларусь улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хоёр гурван тодорхой төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг дэмжлээ: "Би энэхүү саналыг бүрэн зөвшөөрч, бүрэн дэмжиж байна".

Ухнаагийн Хүрэлсүх Александр Лукашенког 2024 онд Монгол Улсад айлчилж байсныг эргэн дурсав. Одоо Монголын удирдагч хариу айлчлал хийж байна. "Энэ нь бидний сэтгэл зүрх, бодол санаанд ирээдүйд үр дүнтэй хамтран ажиллах эрмэлзэл байгаагийн тод илрэл юм" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10