Dark Light
Улс төр | 2026-10-26

ЭЛЧИН САЙД: БЕЛАРУСЬ-МОНГОЛЫН ХУДАЛДАА, ХҮМҮҮНЛЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АСАР ИХ НӨӨЦ БОЛОМЖ БИЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Belta.by

Монгол Улс Беларусь улстай худалдаа, эдийн засаг болон хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд асар их нөөц боломж байгаа гэж үзэж байна хэмээн Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онцгой бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа онцоллоо.

"Хоёр талын харилцааг хөгжүүлэх маш том боломж бидэнд бий. Монгол Улсаас Беларусь улсад суух Элчин сайдын хувьд бидний худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно" гэж Элчин сайд Г.Байгалмаа хэлэв.

Түүнчлэн түүний тэмдэглэснээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Беларусь улсад хийж буй анхны албан ёсны айлчлал бол түүхэн үйл явдал юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад 10 дугаар сарын 24-ний өдөр хүрэлцэн ирсэн билээ.

"Хоёр орны харилцааг 2027-2029 онд хөгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглалыг (roadmap) хэдийнээ бэлэн болгоод байна. Энэ нь бусад салбар дахь худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг урагшлуулах үндсэн суурь болж өгнө" гэж Элчин сайд дурдлаа.

Хамтын түүхэн өнгөрсөн үеийн талаар ярихдаа Элчин сайд Г.Байгалмаа 1939 онд Зөвлөлт-Монголын цэрэг Халхын голд Японы талыг бут ниргэж байсныг Монголын ард түмэн санан дурсдаг гэдгийг онцолсон юм. Мөн Эх орны их дайны анхны өдрөөс л Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсыг дэмжиж, танк, морьд, дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсныг дурдав.

"Өнөөдөр манай Ерөнхийлөгч Эх орны их дайны түүхийн музейд зочиллоо. Манай төлөөлөгчдийн баг Германы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн Беларусийн ард түмний баатарлаг гавьяа, мөн тэрхүү ялалт ямар их үнэ цэнээр олдсон тухай маш их зүйлийг мэдэж авлаа" гэж Элчин сайд хэлсэн байна.

Элчин сайд өмнө нь Брестийн цайзад мөн зочилж байжээ. "Миний сэтгэл маш их хөдөлсөн. Тэнд байгаа бүх гэрэл зураг, баримтат кинонууд надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн" гэж тэрбээр цохон тэмдэглэв.

Өмнө нь БЕЛТА агентлагийн мэдээлж байсанчлан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 10 дугаар сарын 24-нд Беларусь улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр Эх орны их дайны түүхийн музейгээс гадна Беларусийн Онцгой байдлын яамны Амьдралын аюулгүй байдлын боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10