Dark Light
Улс төр | 2026-10-26

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БЕЛАРУСЬ УЛСЫН АВРАХ ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | sb.by

Беларусийн төрийн мэдлийн ХМХ болох sb.by-гийн мэдээлсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Беларусь улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Минск хот дахь Онцгой байдлын яамны (ОБЯ) Амьдралын аюулгүй байдлын боловсролын төвд зочиллоо. Түүнд тус төвийн интерактив талбайнууд, Беларусийн гал сөнөөгчдийн иж бүрэн тоноглол хэрэгсэл болон  ослын аврах техникийг үзүүлсэн байна. Айлчлалын хөтөлбөрт тус төвийг сонгон оруулсан нь санамсаргүй хэрэг биш юм. Энд Беларусийн аврагчдын арвин туршлага, эрдэм шинжилгээний бүтээлүүд болон гадаадын түншүүдийн сонирхлыг татах дотоодын үйлдвэрүүдийн шийдлүүдийг нэг дор нэгтгэсэн байдаг.

Аюулгүй байдлын төвийн туршлага

Беларусь улс аюулгүй байдлын салбар дахь өөрийн ололт амжилт, туршлагаа гадаадын төлөөлөгчдөд танилцуулж байгаа нь анхны тохиолдол биш юм. Өмнө нь тус боловсролын төвийг Гана улсын ерөнхийлөгч үзэж сонирхон, цогцолборын хүчин чадал болон иргэдийг онцгой байдлын үед хэрхэн практик дээр сургаж байгааг нь ихэд биширч байжээ.

Өнөөдөр тус төв нь олон өөр салбар, агентлагуудын мэдлэг, туршлагыг уусган нэгтгэсэн гол талбар болоод байна. Энд зөвхөн гал түймрийн тухай ярьдаггүй. Зочдод экологийн, тээврийн болон үйлдвэрлэлийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгдөг. Мөн түүхэн дурсамжид онцгой ач холбогдол өгч, Беларусийн ард түмнийг хоморголон устгасан геноцид болон Беларусь улсыг чөлөөлөх тэмцэлд зориулсан үзэсгэлэнгүүдийг байршуулжээ.

Тус барилгын дөрвөн түвшинд (давхарт) бараг 40 орчим интерактив бүсийг зохион байгуулсан байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар зочид бодит онцгой байдлын нөхцөл байдалд уусан орж, дүрэм журмыг биеэр мэдрэх бөгөөд энэхүү хичээл, сургуулилалт нь бүрэн аюулгүй орчинд явагддаг байна.

Ийм хандлага нь аюулгүй байдлын дүрмийг зөвхөн чихээр сонсох биш, харин аюултай мөчид яг ямар үйлдэл хийх ёстойг тархиндаа бат суулгахад тусалдаг. Чухамхүү энэхүү практик чиглэл нь Монгол Улсын удирдагчийн айлчлалын хөтөлбөрт тус төвийг багтаах гол шалтгаан болжээ.

Беларусийн Онцгой байдлын сайд Вадим Синявский тэмдэглэхдээ, эрхэм зочинд аюулгүй байдлын үндсийг, тэр дундаа хүүхдүүдэд зааж сургах цогц системийг үзүүлсэн гээд:

— "Бид ийм ажлыг Беларусьт зохион байгуулж чадсанд манай монгол найзууд гайхсан байх гэж найдаж байна. Энэ нь ганцхан төв биш, улсын хэмжээнд нийт арван ийм төв ажиллаж байгаа. Бид мөн сургуулиуд болон хүүхдүүд олноор цугладаг газруудад очиж, хүүхдүүдэд аюулгүй байдлын суурь мэдлэгийг олгодог" гэжээ.

Сайдын хэлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сэдвийг хувийн мэргэжлийн үүднээс сонирхсон байна. Учир нь тэрбээр өөрөө урьд нь эх орныхоо ОБЕГ-ыг (Аврах алба) удирдаж байсан туршлагатай билээ. Тиймээс эрхэм зочинд зөвхөн сургалтын талбайг харуулаад зогсохгүй, аврагчдын өдөр тутмын экипировка, багаж хэрэгсэл болон онцгой байдлыг устгах үеийн ажиллагааны зарим элементүүдийг үзүүлжээ.

Энд Беларусь болон бусад орны аврагчдыг бэлтгэдэг

Тус төв нь ОБЯ-ны Иргэний хамгаалалтын их сургуулийн бүтцэд багтдаг. Тус сургууль нь аврах албаны нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг бөгөөд гадаад орнуудаас ч сонсогчдыг хүлээн авдаг байна.

Их сургууль нь аврагчдыг бэлтгэх олон улсын хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог. Тухайлбал, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) орнуудын мэргэжилтнүүдийг сургах суурь байгууллагын үүргийг гүйцэтгэдэг байна. Мөн Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын шугамаар курсуудыг зохион байгуулдаг ажээ. Сургалтын явцад НҮБ-ын ивээл дор ажилладаг INSARAG зэрэг олон улсын стандартуудыг мөрдлөг болгодог байна.

Энэхүү төв болон их сургуулийн сургалтын талбайнууд нь тус улсын боловсролын боломж зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, олон улсын хамтын ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ажиллаж болохыг харуулж байна.

Беларусь улс хэдийнээ Монгол Улсын мэргэжилтнүүдийг ОБЯ-ны Иргэний хамгаалалтын их сургуульд сургаж төгсгөсөн. Вадим Синявскийн хэлснээр, тэд сургалтын системийг маш өндөр үнэлсэн байна. Беларусийн тал энэхүү ажлыг үргэлжлүүлж, монголын хамтран ажиллагсадтайгаа харилцаагаа улам гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Амь нас хамгаалах тоног хэрэгсэл 

Хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг нь аврагчдад зориулсан Беларусийн өөрсдийн бүтээлүүдийг харуулсан явдал байв. Монгол Улсын төрийн тэргүүнд гал сөнөөгчдийн байлдааны хувцсыг танилцууллаа. Энэхүү тоноглолыг өөрсдийн баталгаажуулсан тусгай полигонд туршдаг байна. Мэргэжилтнүүд хувцас нь чанарын шаардлагад хэр нийцэж байгааг, аврагчдын ажиллах хүнд нөхцөлийг хэр тэсвэрлэж байгааг шалгадаг ажээ. Үүний дараа л хувцсыг бодит албанд нэвтрүүлдэг байна. Өдөр бүр Беларусийн мянга мянган аврагчид дотооддоо үйлдвэрлэсэн энэхүү тоноглол, хувцас хэрэглэлтэй жижүүрлэлтэд гардаг байна.

Энэ нь тус яамны хувьд зөвхөн импортыг орлох асуудал биш юм. Хувцасны найдвартай байдлаас утаа майтай өрөө рүү нэвтэрч, аюултай бүсэд ажиллаж буй хүний амь нас, аюулгүй байдал шууд хамаардаг. Аврагч хүн даалгавраа бүрэн биелүүлээд, гэртээ гэр бүл дээрээ эсэн мэнд эргэж ирэх боломжоор хангагдах ёстой.

Үүний зэрэгцээ, Беларусийн тоноглол нь гадаадын захиалагчдын хувьд эдийн засгийн маш ашигтай нөхцөлтэй байдаг. Импортын ижил төрлийн хувцаснууд нь чанарын хувьд Беларусийн бүтээгдэхүүнээс давуу зүйл байхгүй атлаа үнийн хувьд хамаагүй үнэтэй байдаг байна. Үнэ, олон удаагийн туршилт болон өдөр тутмын практик хэрэглээний энэхүү тэнцвэрт байдал нь Беларусийн бүтээгдэхүүнийг олон улсын түншүүдийн анхаарлыг татахад хүргэж байна.

Төслөөс бодит техник болон албанд шилжсэн нь

Төвийн нээлттэй талбайд гал түймэртэй тэмцэх болон аваарын-аврах техникийг байршуулсан байв. Тэдгээрийг бүтээсэн явдал нь төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тод жишээ юм.

Техникийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлд "МАЗ" үйлдвэр, "Пожснаб" компани болон Онцгой байдлын яам хамтран оролцдог байна. Яамны зүгээс техникт тавих шаардлагыг тодорхойлж, шийдлүүдийг боловсруулахад оролцдог бөгөөд дараа нь машинуудыг өдөр тутмын бодит ажилдаа хэрэглэдэг байна. Ийм хандлага нь шинэ шийдлүүдийг зөвхөн зураг төслийн шатанд биш, харилцан үйлчилгээний бодит нөхцөлд туршиж үзэхэд тусалдаг.

Хамтын ажиллагааны олон жилийн хугацаанд гадаадын орнуудын сонирхлыг татаж чадахүйц маш том туршлага хуримтлагдсан байна. Энэ нь зөвхөн бэлэн машинуудын тухай биш, тэдгээрийг бүтээх технологи, үйлдвэрлэлийн зохион байгуулалт болон найдвартай байдлыг шалгах процессуудыг ч хамардаг. Аврагчдын хувьд техник нь ямар ч сааталгүй ажиллах, хүнд хэцүү нөхцөлд тогтвортой байдлаа хадгалах, даалгаврыг хурдан биелүүлэхэд туслах нь нэн чухал байдаг.

Энэ чиглэлийн хөгжил хэдийнээ тодорхой бодит үр дүнгүүдийг авч ирээд байна. Беларусь улс Монгол Улсын аврах ангиудад зориулж "МАЗ" зүтгүүрийн суурьтай (шасси) нийт 75 нэгж (ширхэг) техникийг хэдийнээ нийлүүлээд байгаа юм. Одоогийн байдлаар шинэ гэрээ байгуулах асуудлыг талууд дахин авч үзэж байна.

Шинжлэх ухаан, үйлдвэрлэл ба хүмүүс

Тус төвд зочилсон явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Беларусийн боломж чадавхыг олон талаас нь зэрэг харах боломжийг олголоо. Энд эрдэмтдийн шинжлэх ухааны бүтээлүүд, дотоодын үйлдвэрүүдийн боломжууд болон өдөр тутам техник, экипировкийг бодитоор ашиглаж буй мэргэжилтнүүдийн туршлагыг дэлгэн үзүүллээ.

Бүтээгдэхүүн бүрийн ард олон удаагийн туршилт, практик шалгалт болон хүмүүсийн нөр их хөдөлмөр оршиж байдаг. Төрийн үйлдвэрүүд болон хувийн компаниуд тоног төхөөрөмжийг бүтээж, шинжлэх ухааны байгууллагууд шинэ шийдлүүдийг боловсруулж, харин аврагчид тэдгээрийг бодит ажил дээрээ шалгаж байна. Энэхүү системтэй хандлага нь бүтээгдэхүүнийг улам боловсронгуй болгож, түүнийг гадаад зах зээлд гаргаж сурталчлах боломжийг нээж өгдөг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10