Беларусьчуудад эдийн засгийн олон салбарт, түүний дотор бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр суралцах зүйл их байна гэдгийг Тусгаар тогтнолын ордонд болж буй Беларусь-Монголын дээд хэмжээний хэлэлцээний үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг сэтгүүлчдэд тэмдэглэн хэллээ.
"Манай хоёр улс эртний найрамдалтай хэдий ч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Беларусь улсад хийж буй анхны айлчлал юм. Бид хоёр талын арван орчим баримт бичигт гарын үсэг зурна. Өмнөх өдөр нь Монголын төлөөлөгчид тус улсын үйлдвэр, баазуудаар зочилсон. Үүнээс гадна бизнес форум болох бөгөөд Монголоос 70 гаруй компанийн төлөөлөл ирсэн байна. Мөн манай улсын урлагийн чуулга Минск хотод тоглолтоо толилуулна. Ерөнхийдөө Беларусь дахь айлчлалын хөтөлбөр маш баялаг байна" гэж Монгол Улсын Гадаад хэргийн сайд ярив.
Монголын тал хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжилд томоохон үр дүн хүлээж байна. "Хамгийн гол зорилго бол манай хоёр улсын хоорондын худалдааг сайжруулах явдал юм" гэж Монголын гадаад бодлогын байгууллагын тэргүүн нэмж хэллээ.
Б.Батцэцэг сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцахдаа: "Би зөвхөн Беларусийн бүтээгдэхүүн зардаг худалдааны төвөөр орж үзлээ. Беларусь улсад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Бидэнд беларусьчуудаас суралцах зүйл, тухайлбал хүнс, техник, хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр сурах зүйл маш их байна" хэмээн ярьсан юм.
Сайд мөн хүнс, бүтээгдэхүүнийг Монгол Улсын хөрш зэргэлдээ орнууд руу цааш нь экспортлох зорилгоор хамтарсан үйлдвэрүүд байгуулах бүрэн боломж байгааг онцлон тэмдэглэв.
ТАТАР МАЙДАР






Улс төр



