Түүний үгээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, трактор, ХАА-н машин механизм, маалинга, ноолуурын шинэ даавуу зэрэг бүтээгдэхүүн импортлох, экспортлох, төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа ажээ.
Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хийсэн хэлэлцээний үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цаашдын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойллоо гэж БЕЛТА агентлагийн сурвалжлагч мэдээлэв.
Төрийн тэргүүн хоёр орны бизнес эрхлэгчид болон худалдаа-аж үйлдвэрийн байгууллагуудын идэвхтэй хамтын ажиллагааг Монголын талаас тууштай дэмжих болно гэдгийг батлан хэллээ. Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бизнес форум нь хоёр орны ажил хэрэгч хүмүүсийн холбоог бэхжүүлэх, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд хэдийнээ хувь нэмрээ оруулж эхэлснийг тэрбээр тэмдэглэв.
Хэлэлцээрийн гол үр дүн, сонирхож буй чиглэлүүд:
-
Тээвэр, логистик: Беларусь улс нь Монголын хувьд Европын зах зээлд гарах тээвэр-логистикийн чухал зангилаа бөгөөд Беларусь улс ч Монголыг Азийн зах зээлд нэвтрэх үүд хаалга гэж харж байна. Энэ хүрээнд Брест–Улаанбаатар чиглэлийн "Монголын вектор" чингэлэгийн галт тэрэгний тээвэрлэлт чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд талууд энэхүү боломжийг тээврийн салбарт идэвхтэй ашиглахаар тохиролцсон байна.
-
Газрын тосны бүтээгдэхүүн: Хэлэлцээний үеэр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг хэлэлцэж, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгджээ.
-
Хөдөө аж ахуй: Монгол Улс Беларусийн трактор, комбайн болон бусад хөдөө аж ахуйн машин, механизмыг худалдан авах сонирхолтой байна. Мөн Монголд тракторын угсрах үйлдвэр байгуулах асуудал хэлэлцээний хөтөлбөрт багтжээ.
-
Хөнгөн үйлдвэр: Монгол ноолуур, ноосыг Беларусийн маалингатай хослуулан шинэ төрлийн даавуу гаргаж авах, улмаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэхээр тохиролцов. У.Хүрэлсүх: "Маш гайхалтай бүтээгдэхүүн гарч, бид түүнийгээ зах зээлд борлуулж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон байна.
-
Боловсрол, шинжлэх ухаан, соёл: Талууд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцлоо. Тухайлбал, 2027 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын нийслэлд Соёлын өдрүүдийг зохион байгуулж, урлаг болон аялал жуулчлалын хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Беларусийн удирдагчид хандан: "Хүндэт Ерөнхийлөгч өө, миний дотно анд аа! Бидний хэлэлцээ, тохиролцоо хоёр орны ард түмний сайн сайхан, улс орнуудын хөгжил цэцэглэлтийн төлөө бодит ажил хэрэг болно гэдэгт туйлын их итгэлтэй байна. Хоёр орны ард түмний найрамдал үеийн үед зузаарч, уламжлалт найрсаг харилцаа мөнхөд мандан бадрах болтугай" хэмээн яриагаа өндөрлөсөн байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр



