АНУ-ын Конгрессийн дунд шатны сонгуульд Бүгд найрамдах нам нь түүхэн ялагдал хүлээсний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа олон нийтийн өмнө гарч ирэв. Тэрээр Лхагва гарагт болсон эл арга хэмжээний үеэр улс төрийн эрсдэлтэй нөхцөл байдалд анхаарал хандуулахын оронд Цагаан ордны бүжгийн буюу хүлээн авалт, үдэшлэгийн танхим барих төслөө танилцуулж, улс төрийн тэргүүлэх чиглэлээ өөрчлөх бодолгүй байгаагаа харууллаа.
Сонгуулийн дүн гарснаас хойш Цагаан ордон хагас өдрийн турш нам гүм байсны эцэст Трамп үдээс хойш сэтгүүлчдийг цуглуулан, барилгын сүүлчийн ган дам нурууг байршуулах ёслолд оролцсон байна. Тэрээр өрнөж буй төслийн архитектур, дизайныг 20 орчим минутын турш нарийвчлан тайлбарлажээ.
.jpg)
Тэрээр танхимын багануудыг бахархан тайлбарлахдаа "Эдгээр баганыг өнгө үзэмжтэй, чамин шохойн чулуугаар (limestone) сийлж байгаа юм. Архитектурын сор болсон Коринф загвараар урлаж байна. Энэ мэт гоёлолын төслүүдэд их хэмжээний мөнгө, хугацаа зарцууллаа гэх шүүмжлэлийн хариуд тэрээр "Надад лав таалагдаж байна, энд байхад сэтгэл амардаг" хэмээн өөрийгөө өмгөөлсөн байна.
Бүр дуулиантай нь, сэтгүүлчид түүнээс Ардчилсан намын хяналтад орсон Конгресс импичмент (албан тушаалаас нь огцруулах ажиллагаа) эхлүүлж магадгүй талаар асуух үед Трамп асуултыг түр таслан, ажилчид дам нурууг хэрхэн суурилуулж байгааг ажиглаж зогссоноо, үргэлжлүүлэн дотоод заслын төлөвлөгөөгөө ярьж эхэлжээ. Тэрээр "Одоо хаа сайгүй болор люстр гэрлүүд, гантиг шал байна гээд төсөөл дөө. Ёстой гайхалтай болох гэж байна" хэмээн ярьжээ.
.jpg)
Цагаан ордонд ирэх улс төрийн дарамт
Трамп ийнхүү барилгын ажилд хамаг анхаарлаа хандуулж байгаа ч сонгуулийн дүн Бүгд найрамдах намын хувьд маш хүнд тусаад байна. Ардчилсан нам Конгрессийн хоёр танхимд хоёуланд нь хяналтаа тогтоож, Бүгд найрамдах намын "цайз" гэгддэг уламжлалт мужуудад хүртэл олонхын санал авчээ.
Энэхүү ялагдал нь засаг захиргааг гадаад бодлого, тэр дундаа АНУ болон Израилийн оролцоотой Ираны эсрэг дайны асуудлаа эргэж харахыг шаардах олон нийтийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Бүгд найрамдах намын стратегичид засаг захиргааг Вашингтон хотыг тохижуулах үнэтэй төслүүдэд улс төрийн капитал үрэхийн оронд дайныг зогсоож, америкчуудын амьжиргааны өртгийн өсөлтийг намжаахад анхаарахыг уриалж байгаа юм. Гэвч Трампын сонгуулийн дараах анхны үйлдлээс харахад тэрээр бодлогоо шууд өөрчлөх шинжгүй байна.
Вашингтоныг "гоёх" Трампын төлөвлөгөө
Үдэшлэгийн танхим бол түүний Вашингтон хотыг өөрчлөх гэсэн амбицтай төслүүдийнх нь зөвхөн нэг хэсэг юм. Тэрээр сонгуулийн өмнөх сүүлчийн телевизийн үгэндээ Линкольны хөшөөний урдх тусгал толийг засах ажлын талаар голчлон ярьж байв.
Үүнээс гадна Цагаан ордонд ерөнхийлөгчийн нисдэг тэрэгний боржин чулуун талбай байгуулах, нийтийн гольфын талбайг шинэчлэх, Потомак голын ойролцоо 76 метрийн өндөртэй гуулин нуман хаалга барихаар төлөвлөж байгаа аж. Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан байсан Трамп ийнхүү нам нь хамгийн том улс төрийн цохилтод өртөөд байхад ч барилгын архитектур, гоо зүйн талыг чухалчилсаар байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр



