АНУ-ын Конгрессийн дунд шатны сонгуулиар Бүгд найрамдах нам бут ниргүүлж, Ирантай хийж буй дайныг эсэргүүцэх олон нийтийн шахалт нэмэгдсэн ч Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийг албан тушаалаас нь огцруулах яриаг эрс үгүйсгэж, олон нийтийн өмнө түүнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Сэтгүүлчид түүнээс сонгуулийн дүнгийн дараа Хегсетийг солих талаар бодож буй эсэхийг асуухад Трамп "Үгүй ээ, тэр ажлаа маш сайн хийж байгаа гэж би бодож байна" хэмээн хариулжээ.
Хэдийгээр Трамп түүнийг ийнхүү ил тод өмгөөлж байгаа ч Цагаан ордны дотоод хүрээнд Батлан хамгаалахын сайдын суудал ганхаж эхэлснийг эх сурвалжууд дурджээ. Трампын нэгэн зөвлөх "Энэхүү улс төрийн бүтэлгүйтлийн золиос нь Хегсет болж магадгүй. Дайны хөлд үрэгдсэн намын нэр хүндийн бурууг хэн нэгэн үүрэх ёстой болох бөгөөд тэр нь Трамп өөрөө биш гэдэг нь тодорхой" хэмээн ярьсан байна. Ажиглагчид эл нөхцөл байдлыг 2006 оны дунд шатны сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулахад, тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Буш Иракийн дайныг эсэргүүцсэн олон нийтийн давалгааг намжаахын тулд Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфелдийг маргааш өглөө нь шууд ажлаас нь чөлөөлж байсантай зүйрлэж байгаа.
Дайныг дэмжигч сайд ба хууль тогтоогчдын сөргөлдөөн
Пит Хегсет нь Ираны эсрэг АНУ-ын цэргийн ажиллагааг эхнээс нь хамгийн тууштай дэмжсэн хүн бөгөөд Трамп ч өмнө нь түүнийг "Тэднийг цөмийн зэвсэгтэй болгож болохгүй учраас дайныг эхлүүлье гэж хамгийн түрүүнд дуугарсан хүн бол Пит" хэмээн сайшааж байжээ. Гэвч сонгуулийн дараа Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс хүртэл эл цуст мөргөлдөөн үнэхээр тийм их үнэ цэнээр хийх ажил байсан уу гэдэгт эргэлзэж, энэ дайн Бүгд найрамдах намыг Конгресст суудлаа алдахад хүргэснийг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүнээс гадна Хегсетийг Конгрессийн гишүүдтэй маш таарамжгүй харилцаатай байгаа нь Пентагоноос оруулж ирсэн 1.5 их наяд долларын батлан хамгаалахын зардлын багцыг батлуулахад тээг болж байна хэмээн Бүгд найрамдах намын Сенатор Том Тиллис шүүмжилжээ.
Ардчилсан намынхан Пентагоныг мөрдөн шалгахаар зэхэж байна
Конгрессийн хоёр танхимд хоёуланд нь хяналтаа тогтоосон Ардчилсан намынхан Хегсетийг АНУ-ын зэвсэгт хүчнийг "улс төржүүлсэн" хэмээн буруутгаж, Пентагоны үйл ажиллагаанд өргөн хүрээтэй мөрдөн шалгалт хийхээ амлаад байна. Тэд Ираны дайн, цэргийн дээд тушаалын офицеруудыг хоморголон халсан явдал, Украины талаар баримталж буй бодлого, түүнчлэн Латин Америкийн усан хилд хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг хийсэн цэргийн цохилтууд нь дайны гэмт хэргийн шинжтэй эсэхийг ухан гаргаж ирэхээр зэхэж байгаа аж.
Хегсет Сенатын гишүүн болох уу?
Бүгд найрамдах намаас нэр дэвшиж Теннесси мужийн Амбан захирагчаар сонгогдсон Марша Блэкбернийн суларч буй Сенатын суудалд Пит Хегсетийг томилох хувилбар Цагаан ордонд яригдаж эхэлжээ. Хегсет нь тус мужийн оршин суугч тул сонгуульд өрсөлдөхгүйгээр Сенатад шууд томилогдох боломжтой юм. Трамп энэ хувилбарын талаар "Хэрэв тэр тэгвэл маш их нэр хүндтэй байх болно гэж би бодож байна. Гэхдээ надад энэ талаар дуулдсан зүйл алга" гэж хариулжээ.
ТАТАР МАЙДАР







Улс төр



