Dark Light
Улс төр | 2026-11-05

СОНГУУЛЬД АРЧУУЛСАН БҮГД НАЙРАМДАХ НАМЫНХАН ТРАМПЫГ БОДЛОГОО ӨӨРЧЛӨХИЙГ ШААРДЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Kevin Lamarque/Reuters

АНУ-ын Конгрессийн дунд шатны сонгуулийн дүн гарч, Ардчилсан нам хууль тогтоох байгууллагыг хяналтдаа авснаар Ерөнхийлөгч Дональд Трамп намынхаа зүгээс ирэх хүчтэй шахалттай нүүр туллаа. Сонгогчид Трампын өөрийнх нь гардан сонгож, сойсон гол нэр дэвшигчдээс татгалзсан нь Бүгд найрамдах намын холбоотнууд болон стратегичдыг засаг захиргааны бүрэлдэхүүнээ яаралтай шинэчлэхийг шаардахад хүргэж байна. Түүнчлэн намынхан энэхүү ялагдлын гол шалтгаан болсон Ираны дайн болон гаалийн өндөр тариф зэрэг бодлогоо эргэн харж, эмх цэгцээ тогтоохыг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн сүүлийн жилүүдэд уриалж эхлэв.

Бүгд найрамдах намын ахмад стратегич Жон Фихери сонгуулийн үр дүнг Трампын хувьд "том гамшиг" гэж тодорхойлоод, түүнийг "Ордондоо яаралтай их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн тэр өдөр ирэх тусам эрх мэдэлгүй, хүчгүй ерөнхийлөгч болж хувирна" хэмээн сануулжээ. Харин Трамп сонгуулийн үр дүнгээс болоод бодлогоо өөрчлөх бодолгүй байгаагаа харуулж, "Би үүнийг өөрт минь ирсэн цохилт гэж харахгүй байна" хэмээн Fox News-д ярьсан байна.

Конгрессыг гартаа авсан Ардчилсан намынхан одоо Трампын хуулийн төслүүдийг хаах, засаг захиргаанд нь мөрдөн шалгалт хийх, томилгоонуудыг нь цуцлах бүрэн эрхтэй болж байгаа юм. Энэ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг гэгддэг Трампыг цаашид Конгрессыг алгасаж, нэг талын тушаал шийдвэрүүдэд улам бүр найдахад хүргэх магадлалтай байна.

Жэй Ди Вэнс хүртэл Трампаас зайгаа барьж эхлэв үү?

Трампын улс төрийн залгамжлагч гэгддэг Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс хүртэл Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Бүгд найрамдах нам Конгресст ялагдсаны бурууг Ираны дайн руу чиглүүлж, Ерөнхийлөгчөөсөө бага зэрэг зай барихыг оролдов. Хэрэв Бүгд найрамдах намынхан Трампын сонгогчдыг татах хүч суларсан гэж үзвэл ийм төрлийн талцал, хуваагдал намын дотор улам газар авахыг ажиглагчид сануулж байна.

Цагаан ордны дотоод уур амьсгал маш хүнд байгаа бөгөөд нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан "Энд байх одоо үнэхээр там шиг байна. Дотоод ажилчдын урам зориг хамгийн доод цэгтээ хүртэл уначихлаа" хэмээн ярьжээ. Түүний хэлснээр, сонгуулиас зургаан долоо хоногийн өмнө хийсэн дотоод санал асуулгаар нам нь хоёр танхимд хоёуланд нь ялагдах нь тодорхой болсныг Трампад анхааруулж, Ираны талаарх бодлогоо зөөлрүүлэхийг гуйсан боловч Трамп хэнийг ч сонсоогүй бөгөөд "Эцэстээ тэр үүнийг огт тоогоогүй" гэсэн байна.

Хэрэгцээгүй чамирхал сонгогчдын дургүйцлийг төрүүлжээ

Бүгд найрамдах намынхны санааг зөвхөн дайн биш, Трампын Вашингтоныг тохижуулах гэсэн хувийн амбицууд нь ч зовоож байжээ. Мичиган, Айова зэрэг ширүүн өрсөлдөөнтэй мужуудад хийсэн судалгаагаар, сонгогчид Трампыг улс орны эдийн засаг хүнд байхад Цагаан ордны үдэшлэгийн танхим, Вашингтоны засвар үйлчилгээ зэрэг чамирхлын төслүүдэд дэндүү их анхаарал хандуулж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байж. Намын нэгэн зөвлөх "Хэрэв Трамп дараагийн хоёр жилийг энэ мэт хэрэггүй зүйл ярьж өнгөрөөвөл бид дараагийн сонгуулиар дахиад л арчуулах болно" хэмээн анхааруулсан байна.

Гэвч Трамп Лхагва гарагт сэтгүүлчдийг үдэшлэгийн танхимын барилгын талбайд дагуулан очиж, "Энэ ажил надад амралт болдог" хэмээн өөрийгөө өмгөөлсөөр байна. Түүнчлэн Цагаан ордны сошиал хуудаст Трампын зургийг байршуулж, "Сануулга: Трамп хэвээрээ таны Ерөнхийлөгч хэвээр байгаа шүү" гэсэн зөрүүд өнгө аястай постыг оруулжээ. Трамп цагаачлал, тариф, орон сууц, төсвийн зарцуулалт зэрэг асуудлаар Конгрессыг алгасан хэрэгжүүлэх гүйцэтгэх засаглалын хэд хэдэн тушаалыг хэдийнэ бэлдсэн байгаа ч энэ нь түүний засаг захиргааг Ардчилсан намынхны эхлүүлэх өргөн хүрээний шүүх, мөрдөн шалгах ажиллагаанаас хамгаалж чадахгүй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08