Трамп болон түүний холбоотон сенатор Тед Круз нарын үзэн ядалтын дайралт бүтэлгүйтэв.
АНУ-ын Конгрессийн дунд шатны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Абдул Эл-Сайед Мичиган мужид Бүгд найрамдах намын өрсөлдөгч Майк Рожерсыг илт давуу саналаар ялж, АНУ-ын Сенатын танхимд сонгогдсон анхны мусульман шашинтан болж түүх бүтээлээ. Санал хураалтын дүн 97 хувьтай байхад Эл-Сайед өрсөлдөгчөөсөө 7 хувийн саналаар илүүрхсэн бөгөөд Мичиган мужийн бүх тойрогт Ардчилсан намын санал өмнөх сонгуулиас эрс өссөн байна.
Эл-Сайед энэхүү ялалтыг АНУ-ын орчин үеийн улс төрийн түүхэн дэх хамгийн задгай, исламофоби (исламын шашныг үзэн ядах) шинжтэй сонгуулийн кампанит ажлын эсрэг "Мичиганчуудын өгсөн хариу цохилт" хэмээн тодорхойлжээ.
"Та үзэн ядалтыг сонгосон, харин Мичиган итгэл найдварыг сонголоо"
Египетээс цагаачилж ирсэн гэр бүлд АНУ-д төрсөн, өдгөө 42 настай, анагаах ухааны доктор, Детройт хотын Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Эл-Сайед сонгуулийн сурталчилгааны турш Бүгд найрамдах намынхны зүгээс хувийн шинжтэй маш хүнд дайралтад өртсөн юм. Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг "жихадист", "террористуудын талд зогсогч" хэмээн удаа дараа цоллож, 9 дүгээр сарын 11-ний халдлага үйлдэгчидтэй зүйрлэж байв.
Түүнчлэн Бүгд найрамдах намын сурталчилгааны хуудсуудад түүнийг сонгогдвол Мичиганд "Шариатын хууль" тогтооно хэмээн айлгаж, Трампын холбоотон сенатор Тед Круз түүнийг "жихадист лепрекон*" гэж нэрлэн, хэрэв тэр ялбал америкчууд үхэх болно хэмээн мэдэгдэж байв. Өөр нэг Сенатор Жон Кеннеди түүнийг "Осама бин Ладены өмссөн цамцтай унтдаг" гэж дайрч байлаа.
Эл-Сайед ялалтынхаа дараа Ассошиэйтед Пресс (AP) агентлагт өгсөн ярилцлагадаа: "Мичиган мужийн иргэд ямар уужуу, ухаалаг гэдгээ харууллаа. Улс орны тулгамдсан асуудлын талаар юу ч ярьж чадахгүй, зөвхөн миний нэр, зүс царай руу дайрсан үзэн ядсан, хорсолтой сурталчилгааг тэд эрс няцаасан юм. Өрсөлдөгч маань үзэн ядалтыг сонгосон бол Мичиган итгэл найдварыг сонголоо" хэмээн хэлжээ.
Улс төр судлаачдын үзэж буйгаар, энэ удаагийн сонгууль уламжлалт хэв маягийг эвдсэнээрээ онцлог байв. Өмнө нь Бүгд найрамдах намын элитүүд ийм илт арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварласан дайралтыг хазаарладаг байсан бол энэ удаад намын удирдлагууд нь өөрсдөө Трампыг даган уухайлж байсныг шүүмжилжээ.
Айдсын тактик эдийн засгийн асуудлыг давж чадсангүй
Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд Бүгд найрамдах намынхан Эл-Сайедыг "Мусульман ахан дүүс" бүлэглэлтэй холбоотой хэмээн гүтгэж, синагогт гарсан халдлагын дараа хэлсэн үгийг нь мушгин "террористуудад аюулгүй хоргодох байр олгож байна" гэж буруутгасан хэвлэлийн хурал хүртэл зохион байгуулж байв. Энэхүү айдсын тактик нь зарим уламжлалт үзэлтэй сонгогчдод нөлөөлсөн ч дийлэнх иргэд үүнийг эдийн засгийн хямралаас анхаарал сарниулах гэсэн явуургүй оролдлого гэж үзжээ.
Ялангуяа АНУ дахь Араб-Америкчуудын хамгийн том төвлөрөл болох Дирборн хотын иргэд Трампын дайралтын улмаас мусульманчуудыг, тэр дундаа хижаб өмссөн эмэгтэйчүүдийг үзэн ядах явдал гадна орчинд нэмэгдэж байгаад сэтгэл зовж байснаа ярьжээ. Өмнө нь Трампыг гурван удаа дэмжиж саналаа өгч байсан тус хотын иргэн Имад Суфи "Хэрэв Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Рожерс Трампын энэ мусульманчуудыг үзэн ядсан үг хэллэгээс хол байсан бол би түүнд саналаа өгөх байлаа. Даанч тэр Трампыг дагасан учраас би Эл-Сайедыг сонгосон" гэж ярьжээ.
Эл-Сайед ялалтынхаа дараа энэ амжилт бол эцсийн зорилго биш бөгөөд хамгийн гол нь энэ суудлыг ашиглан иргэдийн эрүүл мэнд, амьжиргааны өртгийг бууруулахын төлөө юу хийж чадах вэ гэдэг нь чухал гээд, Конгресст шинэ үеийн удирдлагууд үгүйлэгдэж байгааг онцолсон байна.
*"Жихадист лепрекон" (Jihadist leprechaun) гэдэг нь АНУ-ын Бүгд найрамдах намын Сенатор Тед Крузын нэр дэвшигч Абдул Эл-Сайедыг шашин шүтлэг, гадаад төрхөөр нь зэрэг доромжилж, олон нийтэд айдас төрүүлэх зорилгоор ашигласан маш ёс зүйгүй, басамжилсан хоч үг юм.
Үүнийг тайлбарлавал:
-
Жихадист (Jihadist): Энэ нь исламын шашны туйлширсан үзэлтэй, зэвсэгт халдлага үйлддэг террористуудыг нэрлэдэг үг. Эл-Сайедыг мусульман шашинтан, Египет гаралтай гэдгээр нь дайрч, "террорист" гэсэн утгыг шууд тулгаж байгаа хэрэг юм.
-
Лепрекон (Leprechaun): Энэ нь Ирландын ардын үлгэр домогт гардаг, ногоон хувцастай, улаан сахалтай, намхан нуруутай, алт нуудаг шидэт одой хүн юм. Абдул Эл-Сайед нь өтгөн улаан хүрэн сахалтай бөгөөд нуруугаар ялимгүй намхан тул түүний гадаад төрхийг нь шоолж, энэхүү үлгэрийн баатартай зүйрлэжээ.
Улс төрийн зорилго нь юу байв?
Тед Круз энэ хоёр тэс өөр ойлголтыг нийлүүлж хэрэглэснээрээ Эл-Сайедыг сонгогчдод "үзэшгүй муухай, харь элгийн, аюултай бөгөөд инээдтэй амьтан" мэтээр харагдуулахыг оролдсон байна. Энэ нь сонгогчдын дунд исламын шашинтнуудыг үзэн ядах, тэднээс айх айдсыг нь өдөөж, өөрийн намын нэр дэвшигчид санал авахуулах гэсэн явуургүй тактик байсан бөгөөд америкийн хэвлэлүүд үүнийг "орчин үеийн улс төр дэх хамгийн бүдүүлэг арьс өнгө, шашны дайралт" хэмээн шүүмжилсэн юм.
ТАТАР МАЙДАР







Улс төр



