Dark Light
Улс төр | 2026-11-05

ТРАМПЫН ЭРИН ҮЕ ТӨГСӨЖ БАЙНА УУ? МАГАДГҮЙ, ГЭХДЭЭ БҮРМӨСӨН БИШ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | AFP via Getty Images

Мягмар гарагт болсон Конгрессын сонгуульд Ардчилсан намынхны үзүүлсэн амжилт нь, сүүлийн арав гаруй жилийн турш улс төрийн тавцанд ноёрхсон, олон нийтийн дунд нэр хүнд нь шалан дээр унасан Ерөнхийлөгчид өгсөн хатуу цохилт, эрс шүүмжлэл боллоо хэмээн The New York Times-ын сэтгүүлч Питер Бэйкер дүгнэжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны турш "Намайг нэр дэвшиж байна гэж төсөөлөөд саналаа өгөөрэй" хэмээн сонгогчдод хандан ганц хоёр биш, бүр 47 удаа уриалсан билээ. Сонгогчид үнэхээр л түүнийг нэр дэвшиж байна гэж төсөөлж саналаа өгсөн, даанч Трампын хүссэн шиг биш байлаа.

Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан намын авсан санал нь сүүлийн арав гаруй жил АНУ-ын улс төрийн тавцанг ганцаараа эзэгнэсэн, нэр хүнд нь шаланд унасан Ерөнхийлөгчид барьсан сонгогчдын маш том "хариу барилт" болов. Трамп өөрийнх нь өмнөх ямар ч ерөнхийлөгчийн хийж байгаагүй алхмыг хийж, энэ удаагийн сонгуулийг дангаараа "өөрийг нь дэмжих эсэхийг шалгах санал асуулга" болгон хувиргасныхаа горыг ийнхүү амслаа.

The New York Times агентлагийн тооцооллоор, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын нийт саналаар Бүгд найрамдах намаас даруй 13 хувиар илүү санал авсан байна. Энэ нь 1976 оноос хойш АНУ-ын Конгрессын сонгуулийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр зөрүү юм. Уг үзүүлэлт нь Бүгд найрамдах намынхан Билл Клинтоны үед буюу 1994 онд, Барак Обамагийн засаглалын үед буюу 2010 онд Ардчилсан намыг бут ниргэж байсан түүхэн ялалтуудын зөрүүг ч хол давж байна.

Клинтоны засаг захиргааны үед Цагаан ордны улс төрийн асуудал эрхэлсэн захирал байсан Дуглас Б.Сосник "Энэ бол Трамп болон Бүгд найрамдах намын сүүлийн хоёр жил хийсэн бүх ажлыг олон нийт эрс үгүйсгэж, няцаасан хэрэг юм. Маргаашнаас эхлэн бид ирэх хоёр жилийн турш үргэлжлэх шинэ бөгөөд маш тогтворгүй, шилжилтийн үе шатанд шилжиж байна" хэмээн дүгнэжээ.

"Би нэр дэвшээгүй учраас хүмүүс сонгуульд ирсэнгүй"

Трамп өөрийн нүүр царайг аврахын тулд "Би өөрөө нэр дэвшээгүй учраас намынхан маань иргэдийг сонгуульд хангалттай ирүүлж чадсангүй. Энэ ялагдал надтай хамааралгүй" хэмээн The New York Times  сонинд ярьж, булзаарахыг оролдов. Гэвч Бүгд найрамдах намынхан ч үүнд итгэхгүй, харин ч Трампын зөрүүд үйлдлүүд рүү бурууг чиглүүлж байна.

Учир нь энэ сонгууль эхнээсээ аваад дуустал зөвхөн Трампыг тойрч өрнөсөн юм. Шатахууны үнийг тэнгэрт хадааж, эрчим хүчний зах зээлийг савлуулсан Ираны эсрэг дайныг Трамп өөрөө эхлүүлсэн. Тэр л нэр дэвшигчдийг сонгож, тактик, стратеги, сурталчилгааны өнгө аясыг ганцаараа тодорхойлсон. Өөрөөс нь зайгаа барихаас айж эмээж байсан намын гишүүдээсээ туйлын үнэнч байхыг шаардсан хүн нь Трамп өөрөө билээ.

Сонгогчид Трампын амлалтад хууртсандаа маш их бухимдаж байна. Тэд Трампыг үнийн өсөлтийг намжаана гэж итгэсэн үү болохоос шинэ дайн дэгжээнэ гэж бодоогүй. Түүнчлэн Трампын тарифын дайн хэрэглэгчдийн халаасыг хоосолж, олон жил АНУ-д амьдарсан цагаачдыг хэтэрхий бүдүүлгээр олноор нь баривчилж байсан нь олон нийтийн дургүйцлийг туйлд нь хүргэжээ.

Трампизмын төгсгөлийн эхлэл үү?

Сонгуулийн яг өмнөх өдөр Трамп сонгогчдын хамгийн гол сонирхол болох амьжиргааны өртгийг бууруулах төлөвлөгөөгөө ярихын оронд Вашингтоны Линкольны хөшөөний усан санг засах, хоолой суваг шинэчлэх тухай постерын чамирхлаа ярьж өнгөрүүлсэн юм. Энэ нь түүнийг бодит амьдралаас ямар хол тасарч, зөвхөн өөрийн Вашингтоныг "гоёх" хувийн амбицдаа хэт автсаныг харуулсан явдал байв.

Хэдийгээр Трампын нөлөө, "Трампизм" нуран унаж байгаа ч түүнд ерөнхийлөгчийн хувиар шийдвэр гаргах бүтэн хоёр жилийн хугацаа үлдээд байна. Түүний холбоотнууд "Трампыг улс төрийн хувьд үхмэл болсон гэж яаран дүгнэх хэрэггүй. Түүнийг үхсэн гэж бичсэн шүүмжлэгчид болгон өмнө нь дандаа буруудаж байсан" хэмээн сануулж байна. Гэсэн хэдий ч Ардчилсан намын хувьд "Трампын эсрэг зогсох" ганц тактик нь тэднийг түүхэн ялалтад хөтөлж чадлаа. Экс конгрессын гишүүн Жэймс Бланчард энэ үеийг Ричард Никсоныг суудлаас нь унагасан 1974 оны түүхэн сонгуультай зүйрлээд "Энэ бол Трампын төгсгөл. Тэр суудлаасаа буугаагүй байгаа ч түүний үе нэгэнт дууссан" хэмээн дүгнэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08