2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд "Экспортын хяналтын асуудлаарх удирдах албан тушаалтнуудын хэлэлцүүлэг" эхэллээ. Уг арга хэмжээний нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган оролцож, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд болон олон улсын шинжээчдэд хандан үг хэлэв.
Элчин сайд хэлсэн үгэндээ үй олноор хөнөөх зэвсэг, мэдрэмтгий технологийн хууль бус шилжилт хөдөлгөөнтэй тэмцэхэд экспортын хяналтын хууль эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тэрээр "20 гаруй жилийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дүгээр тогтоол цөмийн, химийн болон биологийн зэвсэг, тэдгээрийг тээвэрлэх хэрэгслийг дэлгэрүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгааг тодорхой болгосон. Мөн террористууд болон бусад төрийн бус этгээдүүд эдгээр зэвсэг, эсхүл тэдгээрийг бүтээхэд ашигладаг материал, технологийг олж авч болзошгүйг анхааруулсан. Энэхүү анхааруулга өнөөдөр бүр ч чухал болоод байна. Мэдрэг технологиуд урьд өмнөхөөс илүү хурдан, илүү олон сувгаар буюу боомт, хуурай замын хилээр дамжихаас гадна гаалийн шалган нэвтрүүлэх цэгт огт хүрэлгүйгээр интернэтээр дамжин шилжиж байна. Зэвсэг дэлгэрүүлэгчид хамгийн сул холбоосыг хайдаг. Энэ нь хууль тогтоомждоо цоорхойтой, хэрэгжилт сул, эсвэл эрх зүйн иж бүрэн тогтолцоогүй улс юм. Аль ч улс зэвсэг дэлгэрүүлэгчдэд ийм боломж олгох ёсгүй" гэлээ.
"Хуулийн цоорхойг урагшлуулах цаг нь болсон"
Элчин сайд Р.Буанган үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 дүгээр тогтоолын ач холбогдлыг дурдаад, өнөөдөр мэдрэмтгий технологиуд хилийн шалгалтаар оролгүйгээр цахим орчин болон хуурай замын боомтуудаар маш хурдтай шилжих болсныг анхааруулав.
Тэрээр "Иж бүрэн эрх зүйн тогтолцоогүйгээр гаалийн ажилтнууд үүнийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй, прокурорууд хэрэг бүрдүүлж чадахгүй, шүүх экспортын хяналтыг зөрчсөн этгээдэд бодитой шийтгэл ногдуулж чадахгүй. Хуулийн цоорхой нь түүнийг ашиглахаар эрмэлзэх зэвсэг дэлгэрүүлэгчдэд нээлттэй боломж өгдөг. Иймээс Монгол Улс экспортын хяналтын хууль батлах үйл явцыг дахин эхлүүлэх нь нэн чухал бөгөөд хойшлуулж болохгүй" хэмээсэн юм.
Хяналт бол худалдааны саад биш, харин дэмжлэг юм
Олон улсын хөрөнгө оруулагчид болон худалдааны түншүүд тогтвортой, тодорхой орчныг шаарддаг бөгөөд дэвшилтэт технологи нь өөр зорилгоор ашиглагдахгүй гэсэн баталгаанд суурилдаг болохыг тэрээр тэмдэглэв.
"Нэг зүйлийг шууд хэлэхэд, экспортын хяналт чанга байснаар худалдааг хязгаарладаггүй. Харин ч боломж бий болгодог. Худалдааны түнш, хөрөнгө оруулагчид тодорхой байдлыг шаарддаг. Тэд өөрсдийн нийлүүлж буй дэвшилтэт технологи зориулалтын бусаар ашиглагдахгүй гэдэгт итгэлтэй байх ёстой. Экспортын хяналтын найдвартай тогтолцоотой улсууд өндөр технологийн бүтээгдэхүүн, шинэ хөрөнгө оруулалт, илүү гүнзгий түншлэлд хүрэх боломжтой болдог. Ийм тогтолцоогүй улсууд ард хоцрох эрсдэлтэй. Экспортын хяналтын иж бүрэн хууль тогтоомж нь Монгол Улс итгэл даахуйц түнш гэдгийг дэлхийд илэрхийлэх бөгөөд Монгол Улсын эдийн засгийн зорилтуудыг шууд дэмжих болно" гэж Элчин сайд онцоллоо.
АНУ-ын урт хугацааны түншлэл ба тусламж
Энэхүү хоёр өдрийн хэлэлцүүлэг нь нэг удаагийн арга хэмжээ биш бөгөөд урт хугацааны хамтын ажиллагааны хэсэг гэдгийг АНУ-ын тал илэрхийлэв. АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын алба (EXBS) болон түнш орнууд Монгол Улсад хууль эрх зүйн орчныг хянан үзэх, олон улсын шилдэг туршлагыг хуваалцах, хилийн болон тусгай зөвшөөрлийн ажилтнуудыг сургахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Төгсгөлд нь тэрээр Монгол Улс цөмийн зэвсэггүй статус болон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирснийг өндөр үнэлээд, одоо уг амлалтаа бодит хууль тогтоомж, урт хугацааны үр дүн болгон хувиргах шийдвэртэй алхмыг Монгол Улс өөрөө хийх цаг нь болсныг уриаллаа.
ТАТАР МАЙДАР







Улс төр




