Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тусгай элчтэй Цагаан ордонд ганцаарчлан уулзсанаа пүрэв гарагт мэдэгдлээ. Оросын албан тушаалтан үүний өмнө АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын зохион байгуулсан Цагаан ордны хүмүүнлэгийн арга хэмжээнд Украины төлөөлөгчидтэй хамт оролцсон байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп Путины элч Кирилл Дмитриевтэй яг юу хэлэлцсэнээ нууцалсан боловч Украины дайныг зогсоох чиглэлээр тун удахгүй том тохиролцоонд хүрч магадгүй гэж таамаглаж байна. АНУ-ын төлөөлөгчид ирэх 11 дүгээр сарын 10-ноос 11-ний өдрүүдэд Абу-Даби хотод болох Орос, Украины төлөөлөгчдийн уулзалтыг зуучлан зохион байгуулахаар товлоод байгаа юм.
Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө дайн шийдэгдэхэд тун ойрхон байгаа бөгөөд үүнд Европын улсууд ч татагдан оролцож магадгүйг дурдаад, энэ нь зөвхөн Украиныг биш Европыг бүхэлд нь хамарсан маш том, гайхалтай хэлэлцээр болно хэмээн онцолжээ. Үүний зэрэгцээ Трампын тусгай элч Жаред Кушнер пүрэв гарагт Брюссель хотноо Украин, НАТО болон Европын түншүүдтэйгээ Украины аюулгүй байдлын баталгаа, Европын аюулгүй байдлын бүтцийн талаар бүтээмжтэй хэлэлцүүлэг хийснээ мэдээлсэн бөгөөд Трамп өөрөө Украины төлөөлөгчидтэй тусгаарлан уулзаагүй гэдгээ тодотгосон юм.
Оросын элч К.Дмитриев Цагаан ордонд Украины төлөөлөгчидтэй ховорхон тохиох нүүр тулсан арга хэмжээнд оролцсон нь Мелания Трампын зуучлалаар Оросын хяналтад байдаг Украины Олешки хотод энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор тогтоосон 6 хоногийн түр гал зогсоох хэлэлцээртэй холбоотой байв. Арга хэмжээний үеэр Мелания Трамп дайнаас илүү хүнлэг чанарыг сонгох хэрэгтэйг уриалсан бөгөөд Трамп эхнэрийнхээ энэхүү үүргийг маш өндөр үнэлж, мэргэжлийн дипломатуудаас ч дээр ажиллаж байна хэмээн сайшаажээ.
Уулзалтад Украины парламентын гишүүн Давид Арахамия болон Хүний эрхийн комиссар Дмитрий Лубинец нар оролцож, Мелания Трампад энх тайвны төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг уриалсан байна. Хоёр тал тэргүүн хатагтайд талархлын бэлэг гардуулсан бөгөөд Оросын элч Олешки хотын нэгэн бяцхан охины зурсан зургийг өгсөн бол Украины тал хүмүүсийг аварч, Украины хүүхдүүдийг эргүүлэн авчрахад тусалсанд нь зориулж Төрийн одон гардуулжээ. Мелания Трамп уулзалтын төгсгөлд В.Путин болон В.Зеленский нарт хаягласан захидлыг элч нарт гардуулсан байна.
Энэхүү уулзалт нь АНУ-ын дунд хугацааны сонгуулиар Ардчилсан нам Конгресст олонх болж, Бүгд найрамдах нам болон Ерөнхийлөгч Трампт улс төрийн том цохилт өгснөөс хойших Орос-Америкийн анхны нүүр тулсан харилцаа боллоо. Ирэх нэгдүгээр сараас Конгрессыг удирдах Ардчилсан намынхан Трампын Оростой хийсэн дизель түлшний гэрээг шалгаж, зарим хоригийг сулруулсныг эсэргүүцэн, Украинд илүү их тусламж олгохыг шаардах нь тодорхой болоод байна.
Кремлийн зүгээс Бүгд найрамдах нам сонгуульд ялагдсан ч Трампыг энх тайвны зуучлалаа үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ сард БНХАУ-ын Шэньжэнь хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин, Дональд Трамп, Си Жинпин нарын гурван талт уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгааг баталжээ.
ТАТАР МАЙДАР






Улс төр




