Dark Light
Улс төр | 2026-11-06

ЯЛАГДЛЫНХАА ДАРАА ГАНЦААРДСАН Д.ТРАМП ХУВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЯАРАВЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | iNews

АНУ-ын 2026 оны завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад хоёуланд нь олонх болж, Бүгд найрамдах нам болон Цагаан ордонд улс төрийн хүчтэй цохилт өгөөд байна. 

Сонгуулийн энэхүү дуулиант ялагдлын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп улс төрийн тавцанд улам ганцаардаж эхэлсэн бөгөөд ирэх 2027 оны нэгдүгээр сарын 3-нд шинэ Конгресс тангараг өргөхөөс өмнө өөрийн "MAGA" (Make America Great Again) хөдөлгөөний тэргүүлэх чиглэлүүдийг хуульчлан үлдээхээр яаравчилж байгаа талаар "iNews" агентлаг шинжилжээ.

Сонгуулийн үр дүнгээс үүдэн Цагаан ордны зүгээс нийгмийн сүлжээнд "Трамп таны Ерөнхийлөгч хэвээр байна" гэсэн содон мэдэгдэл гаргасан нь түүний эрх мэдэл хэрхэн суларсныг илтгэж байна. Ирэх нэгдүгээр сараас эхлэн Трамп Конгрессоор өөрийн хүссэн хуулийн төслүүдийг батлуулж чадахгүй, улс төрийн эрх мэдэлгүй ерөнхийлөгч (lame duck - доголон нугас гэх утгатай улс төрийн хэлц) болох тул тэрээр үлдсэн хэдэн долоо хоногийн хугацаа буюу бүрэн эрх нь дуусаж буй хуучин Конгрессын сүүлчийн хуралдааныг ашиглан улсын өрийн хязгаарыг нэмэгдүүлэх, дайны санхүүжилт, сонгуулийн хязгаарлалт, криптовалютын стратеги зэрэг өөрийн гол төлөвлөгөөг багтаасан яаралтай хуулийн төслүүдийг батлуулахаар Бүгд найрамдах намын олонхыг дайчилж байна. 

Үүнээс гадна АНУ-ын Дээд шүүхийн консерватив үзэлтэй ахмад шүүгчид болох Клэрэнс Томас (78 настай), Сэмуэль Алито (76 настай) нарыг нэгдүгээр сараас өмнө яаралтай тэтгэвэрт нь гаргаж, тэдний оронд өөрийн талын хүмүүсийг томилж амжихгүй л бол дараа нь Ардчилсан намын хяналттай Конгресс Трампын нэр дэвшүүлсэн ямар ч шүүгчийг батлахгүй. Иймд тэрээр шүүх засаглал дээр ч амьсгаа дээгүүр явж байгаа нь энэ юм.

Нөгөөтэйгүүр, Конгрессыг гартаа авч буй Ардчилсан намынхан ирэх нэгдүгээр сараас Трампын засаг захиргааны гишүүд болон түүний хувийн хөрөнгө, гэр бүлийн бизнесийн холбоог шалгах эрх мэдлийг бүрэн эдлэх бөгөөд тэд аль хэдийн Трампын багийнханд "өмгөөлөгчөө бэлдэж байхыг" анхааруулжээ. 

Үүнээс гадна БНХАУ-ын Шэньжэнь хотод болох APEC-ийн уулзалтаар В.Путин, Ши Жиньпин нартай уулзахаар төлөвлөж буй Трампын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд Ардчилсан намынхан төсвийн хатуу хяналт тавьж, түүнийг хязгаарлахыг оролдох нь тодорхой болов. Мөн засаг захиргааны дотоодод дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар ирэх 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийгөө бэлдэж эхэлсэн тул 80 гарсан Ерөнхийлөгч Трампын нөлөө намынхаа дотор ч суларч, тэрээр Цагаан ордонд улам бүр ганцаардах эрсдэлтэй тулгарчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08