УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.06/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” болон Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа.
Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төсөл нь Их Монгол Улсын түүхэнд хамаарах түүх соёлын газар, гадаад улс орнуудад байгаа бичмэл эх сурвалжуудыг олж тогтоох, эх орондоо авчрах, түүх археологийн судалгааны бүтээлүүдийг хэвлэн нийтлэх, согтууруулах ундаа болон тамхины сав баглаа боодолд иш хөргийг ашиглахыг хориглох зэргээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
“Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн нууц санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй болно.
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэйгээр төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж тав дах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар асуулт асууж хариулт авсан. Ирэх жилийн төсвийн бодлого боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, эрчим хүч, зам, логистикийн хүртээмжийг сайжруулах, төрийн бүтээмж, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулахад анхаарсан гэдгийг хууль санаачлагчид онцолсон. Мөн төсвийн бодлогыг иргэдийн бодит орлого, нийгмийн баталгааг хамгаалах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, төвлөрсөн зарим чиг үүргийг төсвийн хамт орон нутагт шилжүүлж, төвлөрлийг сааруулахад чиглүүлсэн гэлээ.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоноор үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
АДМИН







Улс төр




