Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.11.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад 126 гишүүний 77 буюу 61.0 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, долоон асуудал хэлэлцэв.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын үйл ажиллагааг ил тод, иргэдэд ээлтэй, нээлттэй болгох хүрээнд “Нээлттэй парламент” танхимыг ажиллуулснаас хойш одоогоор Улсын Их Хурлын 23 гишүүн ард түмний элч, төлөөлөгчийн үүргээ биелүүлэн иргэдтэйгээ уулзаж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонссонд талархал илэрхийлэв.
Мөн“Нээлттэй парламент” бодлогын хүрээнд parliament.m цахим сайтад “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсийг нээн иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтүүдийг сонсож, хариу өгдөг болсныг дуулгав. Өнгөрсөн 7 хоногт иргэдээс нийтдээ 30 орчим санал, хүсэлт ирүүлсэн бөгөөд үүнээс хамгийн олон давтагдсан асуудал нь төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг нэмэх, цахим залилангийн асуудалд анхаарах, ахмад настны тэтгэврийг хэрхэн яаж тооцож нэмэгдүүлж буйг тодруулсан байсныг гишүүдэд танилцууллаа. Бид иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсож мэдээллээд өнгөрөх бус, төрийн бодлого шийдвэрийг засаж сайжруулах замаар иргэндээ ээлтэй, амьдралд ойр шийдвэр гаргахад бодитой түлхэц болох ёстойг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцлоод, тодорхой үр дүн гаргаж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Хуралдаан даргалагч үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Мөн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулахтай холбоотой горимын санал гаргасан тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 90 гишүүний 64 буюу 71 хувь нь уг горимын саналыг дэмжив. Иймд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийн дараа явуулахаар болов.

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг байлаа.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт аван үг хэлж дууссан. /дэлгэрэнгүйг эндээс/ Иймд Байнгын хорооны саналаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулав. Хуралдаанд оролцсон 90 гишүүний 68 нь уг саналыг дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдав.
Дараа нь “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч үг хэлж дууссан. /дэлгэрэнгүйг эндээс/ Тиймээс эл өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулав. Хуралдаанд 90 гишүүн оролцсоноос 67 нь “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Тогтоолын төсөлд “Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, холбогдох түүх, соёлын, дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх энэ чиглэлээр хийж байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх, улмаар Их эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс орнуудад хадгалагдаж байгаа бичмэл эх сурвалжийг олж тогтоох, тэдгээрийн эх хувь хуулбарыг эх орондоо татаж авах, Монгол Улсын түүхийн сан хөмрөгт бүртгэж, шинжлэх ухаан, судалгааны эргэлтэд оруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Мөн Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах, түүний хөрөнгөөр Их эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалан сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах, Их эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын төрт ёсны өв, Монгол төрийн үүсэл, хөгжил болон тэдгээртэй холбоотой ном түүх, археологи, угсаатны зүйн судалгаа, бүтээл, кино урлаг, соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа боодолд аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв
Энэ өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг Монгол Улсын Их Хурлын дарга уншиж, танилцуулав. Тус хорооны дарга Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл өгсөн тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг оруулж байгаа аж.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г. Лувсанжамц танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг баримтлан Т.Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хэлэлцэхэд, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, О.Саранчулуун нар Санхүүгийн зохицуулах хорооны дарга чөлөөлөгдөх өргөдлөө нэгэнт өгсөн тул шинээр томилогдох даргын асуудалтай хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт гишүүд холбогдох хуулиудаа уншиж судалдаг баймаар байна гээд, томилогдсон хүнийг чөлөөлж байж дараагийн хүний томилгооны сонсгол бусад хэлэлцүүлгүүдийг явуулна гэдгийг хариултдаа тодотгов.
“Мөн миний бие зургаан сарын өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргад тодорхой үүрэг өгсөн. 60 хувийн хүүтэй аппликэйшны зээл, 45 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах, олон давхар зээл өгдөг асуудлыг цэгцлэх, иргэдийг зээлийн өндөр хүүгийн дарамтад оруулахын зэрэгцээ давхар шимтгэл, хураамж авдаг асуудлыг зогсоох зэргээр тодорхой чиглэл өгсөн. Гэвч өгсөн үүрэг даалгавар биелэхгүй, бодит үр дүн гаргахгүй иргэд банк болон банк бус байгууллагын зээлийн дарамтад орсоор байна. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн” хэмээн Улсын Их Хурлын дарга хариулав.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнгүй.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Дараа нь Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцуулсан. Тэрбээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг дурдаад, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй гэдгийг онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд орон нутгаас бонд гаргах хүсэлт ирүүлсэн эсэх, "Оюу толгой" ХХК-иас авах ногдол ашиг болон улмаар 10 аймгийн дулааны станцын төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар Засгийн газраас тодруулга авлаа.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж орон нутаг бонд гаргах асуудалд Улсын Их Хурлаар заавал хэлэлцэгдэж, зөвшөөрөл авах ёстой асуудал гээд, одоогийн байдлаар нийслэл, Өмнөговь аймаг бонд гаргах эрхээ авсан гэх тайлбарыг өглөө.
Харин Сангийн сайд З.Мэндсайхан, “Оюу толгой” ХХК-иас Монгол Улсад авах ногдол ашгийг 2027 онд өгнө гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Засгийн газар 3 их наяд төгрөгийн хүрээнд нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Гэвч хэлэлцүүлгийн явцад гишүүдийн саналаар хуулийн үндсэн агуулга өөрчлөгдөн хэрэгжих боломжгүй болсон тул Засгийн газар төслөө татсан гэв. Мөн тэрбээр 10 аймгийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэл 45 хувьтай байна. Энэ асуудлыг БНСУ-ын зээлээр үргэлжлүүлэхгүй гэж Засгийн газар шийдвэрлэсэн гээд, эх үүсвэрээ шинээр тодорхойлж уг асуудлыг цааш явуулахаар ажиллаж байна хэмээв.

Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн талаарх хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Хуралдаан Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ш. Бямбасүрэн танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд ДНБ-ий бодит өсөлтийг 2027 онд 5.8 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2027 онд 8.0 хувь байхаар тус тус тооцоолж үүнтэй уялдуулан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2027 онд 39 их наяд 280.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2027 онд 41 их наяд 586.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээг 2026 онд -2 их наяд 306.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээг 2027 онд 7 их наяд 608.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2027 онд 8 их наяд 333.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 7.2 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2027 онд 57 их наяд 650.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50.0 хувьтай тэнцэхээр тус тус тооцсныг онцлов.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайханд танилцуулсан. Уг дүгнэлтэд;
Зарчмын зөрүүтэй саналаас шалтгаалж эдийн засгийн өсөлт буурах нөлөөтэй байна. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын 2.0 их наяд төгрөгийн бууралт нь нэрлэсэн ДНБ-ийг бууруулах, цаашилбал төсвийн тэнцэл, өрийн үзүүлэлтэд нөлөө үзүүлэх бөгөөд үүнийг нарийвчлан тооцож Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдэд тусгах шаардлагатай. Энэ нь төсвийн төлөвлөлт хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзлээ.
Хөрөнгийн зардлын бууралтаас шалтгаалж нэгдсэн төсвийн нийт зарлагад эзлэх урсгал зардал нэмэгдэж байна. Нийт зарлага буурах хэдий ч урсгал зарлагын дүн 33,583.2 тэрбум төгрөг хэвээр байгаа тул нийт зарлагад эзлэх урсгал зарлагын хувь 77.1 -80.8 хувь болж, хөрөнгийн зардал 23.7-20.0 хувь болж буурахаар байна. Нийт зарлагын 80-иас дээш хувь, түүний дийлэнх нь цалин, шилжүүлэг зэрэг хуулиар тогтоосон, эргэн бууруулахад хүндрэлтэй зардлаас бүрдэх тул цаашид төсвийн эрсдэл нэмэгдэх, төсвийн бодлогын орон зай улам хумигдах нөлөөтэйг анхаарах шаардлагатай байна.

Оюутолгой төслөөс орж ирэх ноогдол ашгийн орлогыг бүхэлд нь баялгийн санд шилжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн зохицуулалтад нийцэж байна. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд Оюутолгой төслөөс орж ирэх ногдол ашгаас 1.0 их наяд төгрөгийг хуримтлалын санд, 2.0 их наяд төгрөгийг төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн байсан. Энэ нь эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боломжтой ч баялгийн сангийн үндсэн зарчимд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байсан нь энэхүү зарчмын зөрүүтэй саналын үр дүнд засагдаж Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндэсний баялгийн сангийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2б дэх заалтад нийцэх нөхцөл бүрдлээ.

Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх тусгай шаардлага хангагдаж байна. Тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2.0 их наяд төгрөгөөр буурах бөгөөд ДНБ-д эзлэх хувь нь 35.8-34.1 хувь болж 1.7 нэгж хувиар буурч байгаа нь төсвий төлөвлөлтөд эерэг нөлөөтэй боловч төсвийн орлогын ДНБ-д эзлэх хувь өндөр хэвээр байгаа нь цаашид төсвийн орлого бүрдүүлэлт эрсдэлтэйг анхаарах. Энэ нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг буюу татварын орлоготой холбоотой тул орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох тусгай шаардлагад нөлөөлөхгүй.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ий 3.0 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх тусгай шаардлагыг хангаж байна.Зарчмын зөрүүтэй саналаар тэнцвэржүүлсэн орлого болон нэгдсэн төсвийн нийт зарлагыг тус бүр 2.0 их наяд төгрөгөөр зэрэг бууруулж буй тул өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн дүн болох −2,306.0 тэрбум төгрөгийн алдагдал хэвээр үлдэнэ. Энэ нь 2027 оны ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэхээр байгаа нь төсвийн тусгай шаардлагад нийцэж байна. Харин хөрөнгийн зардлын бууралтаас шалтгаалж нэрлэсэн ДНБ-ий буурах бууралтаас хамаарч төсвийн тэнцэл болон өрийн үзүүлэлтүүдэд нөлөө үзүүлэх магадлалтай байна.

Нийт зарлагын өсөлт нь өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий дундаж өсөлтөөс ихгүй байх тусгай шаардлага хангагдахгүй хэвээр байна. Зарчмын зөрүүтэй саналын хүрээнд нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 9 их наяд 608.0 тэрбум төгрөгөөс 7 их наяд 608.0 тэрбум төгрөг болж буурсан. Ингэснээр 2026 оны төсвийн тодотголтой харьцуулахад анх өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөлд 28.3 хувь байсан зарлагын өсөлт зарчмын зөрүүтэй саналаар 22.4 хувь болж буурахаар байгаа нь зардлын өсөлтийн хувьд эерэг өөрчлөлт бөгөөд дунд хугацааны төсвийн бодлогод сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Гэвч энэ нь эрдэс баялгийн бус ДНБ-ий 2015–2026 оны дундаж өсөлт болох 13.1 хувиас даруй 9.3 нэгж хувиар давсан хэвээр байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан тусгай шаардлага хангагдахгүй байна.
Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна. Зарчмын зөрүүтэй санал нь Засгийн газрын өрийн үлдэгдэлд шууд нөлөөлөхгүй бөгөөд өрийн нийт хэмжээ 57 их наяд 650.0 тэрбум төгрөг хэвээр хадгалагдана. Өр болон дотоодны нийт бүтээгдэхүүний харьцаа ДНБ-ий 50.0 хувьтай тэнцэж байгаа тул хуулийн дээд хязгаар болох 60.0 хувьд хүрэхгүй байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан Төсвийн тусгай шаардлагыг хангах нөхцөл нь хэлэлцүүлгийн шатанд байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэх 7.9 дэх заалт болж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан тусгай шаардлага хангагдаагүй байгаа бөгөөд энэ тусгай шаардлагыг хангахгүй нь төсвийн хүрээний мэдэгдлийг буцаах үндэслэл болох бөгөөд харин хуулийн шаардлагыг хангах нөхцөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах дараах нэмэлт, өөрчлөлт болж байгааг онцлон тэмдэглэж байгааг анхаарахыг хүсье. Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаагүй тохиолдолд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл батлагдахгүй байх, буцах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэйг Зөвлөлийн зүгээс анхааруулж байна хэмээн дурдсан байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. /Дэлгэрэнгүйг эндээс/

Тэрбээр, Байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлд заасныг баримтлан явуулсныг дурдаад, Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 39 их наяд 280.0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.1 хувь, нийт зарлагыг 41 их наяд 584.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 36.1 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 304.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангахаар байгааг онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийг тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

"Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав. /дэлгэрэнгүйг эндээс/
Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төсөл болон зарчмын зөрөөтэй саналын томьёоллыг хэлэлцсэн гэдгийг тодотгов. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Г.ГАНЦЭЦЭГ







Улс төр



