Интернет ашиглан видео конференс хийх програм/төхөөрөмж үйлдвэрлэгч Zoom компаний CEO Эрик Юан нь 49 настайдаа долларын тэрбумтан боллоо. Инженерээс бизнесмен болж хувирсан энэ эрхэм өмнө нь Cisco-гийн Webex нэртэй видео конференс хийх бизнес дээр инженерийн багийг ахлан ажиллаж байжээ. Харин одоо бол Nasdaq-ын бирж дээр хамгийн эрэлттэй байгаа IPO-г гаргагч Zoom компаний үүсгэн байгуулагч, CEO-гоор ажиллаж байна. Wall Street-ийн санхүүгийн зах зээл дээр Zoom-ын нэр хүнд огцом нэмэгдсэнээр, IPO-гийнх нь ханш хувьцаа бүртээ 36 ам.доллар болж өсчээ. Zoom хувьцаа бүрийн IPO-гийн ханшийг ийнхүү өсгөсөн нь зах зээл дээр бодит эрэлт маш ихээр нэмэгдсэнтэй холбоотой.
Одоо тус компаний зах зээлийн үнэлгээ нь 9.2 тэрбум ам.долларт хүрч, үүсгэн байгуулагч Эрик Юан нь шинэхэн тэрбумтан болжээ. Zoom видео конференс програмын бусдаас ялгагдах гол онцлог нь “freemium” загвар буюу интернетэд холбогдсон хэнбугай ч 40 хүртлэх минут үнэ төлбөргүй видео конференсинг хийх боломжийг олгодог явдал юм. Програм Манхаттен дэх захирлуудын зөвлөлийн өрөөнөөс Хятадын нэгэн айлын гал тогооны өрөө хооронд хэрхэн сайн холбогдож, чанартай ажиллаж байгааг шалгахын тулд Эрик Юан инженерүүдээ шахдаг. Хятад гаралтай Америк бизнесмен Юан нь өөрийн төрөлх Хятад улсдаа олон зуун инженерийг ажилд авч, програмынхаа хэвийн байдал дээр ажиллалуулдаг.
Түүнчлэн бизнесээ амжилттай эхлүүлэхийн тулд томоохон венчур хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүжилтээ авчээ. Гол нь төслөө танилцуулах бүртээ тухайн уулзалтанд оролцох хөрөнгө оруулагч бүр Zoom аппликейшныг татаж авсан байхыг уриалж байжээ. Нүдний өмнө бодитоор харуулж, амжилттай тайлбарлаж чадсан төсөл нь томоохон хөрөнгө оруулалтын сангуудаас дэмжлэгийг хангалттай авсан байна. Тэрбээр 5 жилийн хугацаанд ердөө 8 удаа л бизнес томилолтоор явсан бөгөөд ихэнх хөрөнгө оруулагчидтайгаа Zoom-ын видео конференс ашиглаж, ажлаа ярилцдаг.
Орчуулагч: Д.Жаргалсайхан