Нийслэлд менингококкийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын талаарх мэдээллийг хүргэж байна.
Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрдэг. Халдвар өвчтэй хүнээс агаар дуслын замаар дамжин халдварлана.
Өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар маш сул. Тасалгааны дулаанд 1-3 цаг, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Иймээс гэр ахуйн орчинд цэвэрлэгээ ариутгалыг сайн хийхийг зөвлөж байна.
Менингококкт халдварын хэлбэрээс хамаарч өөр өөр шинж тэмдэг, хүндрэлийг үүсгэдэг.
Цусархаг тууралт: Хонго, гуя, гар, мөч, цээж, нүүр, нүдний зовхи хэсгээр цэгэн болон од хэлбэрийн цус харвалтууд үүснэ. Тууралт халуурч эхэлснээс хойш 6-8 цагийн дараа ажиглагдана. Том хэмжээний цус харвалтууд эцэстээ үхжилт үүсгэдэг.
Тархи, нугасны үрэвсэл: Нянгийн халдвар тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Жихүүдэс хүрэх, 38-39 хэм хүрч огцом халуурах, тайван бус болох, татганах шинж илэрнэ. Маш мэдрэмтгий, цочимтгой болно.
Бие сульдсан, дархлаа муудсан үед халдварт өртөх эрсдэл нэмэгддэг тул биеийн эсэргүүцлээ сайжруулах
Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ
- Өндөр халуурах
- Бөөлжих
- Толгой өвдөх
- Нойрмоглох
- Цусархаг тууралт гарах
- Гэрэлд цочимтгой болох
- Дагз хөших
- Таталт өгөх