БНМАУ-ын өрлөг жанжин, СнЗ-ийн ерөнхий сайд, маршал Х. Чойбалсангийн анхны эхнэр Бортолгой нь маршалаас 12 насаар эгч, бурхны шашин номонд гүн сүсэг бишрэлтэй, буянд хичээмтгий эмэгтэй байжээ.
Тэд 1921 онд дэр нэгтгэсэн ба 1935-н онд маршалыг ЗГ-ын орлогч сайд болох үед Бортолгой маршалд "Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлага хүлээсэн хүн тул над мэтийн шашин мөргөлд автсан, энгийн дорд хүүхнээр яах вэ. Хэн хэн нь сэтгэлийн зовлонд унаад яах вэ, би чамайг жирийн сайн эмэгтэйтэй танилцуулъя гээд хоёр дахь эхнэр Гүндэгмаатай уулзуулсан гэдэг.
Ингээд тус тусын мөрийг хөөсөн хэдий ч маршал Бортолгойд үргэлж анхаарал тавьж, хоол хүнс, хөрөнгө чинээгээр тус дэм болж иржээ.
1937 оноос хойд хөршийн заавар, тушаалаар Монгол орныг нөмөрсөн их хэлмэгдүүлэлт эхэлж, тухайн үеийн аль л боловсрол мэдлэгтэй нам төрийн алба хаагчид, лам хуврагууд тэргүүтэй 63000 хүнийг хэлмэгдүүлсэн билээ.
Чухам тэр үед Бортолгой "Миний хойчийн буяныг бодож, сүнс минь төөрөх зовлонгоос ангижруулж өгөөч. Эдүгээ баривчлагдан хоригдож буй мяндаг тушаалтай 108 ламыг ял зэмээс өршөөж, суллаж өгнө үү хэмээн маршалаас хүссэн гэдэг. (мяндаг тушаалтай гэж цохон хэлсэн нь эрдэм мэдлэг сайтай байсны учир гарцаагүй цаазын ял сонсох байжээ)
Аливаа алуулах гэж буй бодгалийн амийг аврах нь өглөгийн билиг барамидын доторх мижигби жинба буюу аюул үгүйн өглөгийн саванд багтана. Гэтэл эрдэм ном сайтай, буддын гүн ухаан хийгээд тарнийн номонд мэргэшсэн лам нарыг суллуулан амийг нь аврах нь зөвхөн өөрийн буяныг бодохоос илүүтэй хожим сайн цаг ирэх үед бурхны шашин Монгол орноо эргэн дэлгэрэхийн сайн цагийг хүртэл бурхны шашныг таслахгүй байх алсын сайн зорилгыг агуулж байсан гэдэг.
Түүнчлэн Бортолгой нь Чойжин лам Лувсанхайдавын шавь байсан тул мөн маршалд хэлж гуйн Чойжин ламын сүмийг нураалгалгүй авч үлдсэн гэх...
Батцагаан буюу УБ-т байсан төв шоронд хөдөө аймгууд болон хот хүрээний сүм хийдийн аль л эрдэм чадал, мэдлэгтэй лам нар гол зогоохын төдий хоол ундтай хоригдож, цагдан байцаагдаж, хорхойд хоргүй хөөрхий тэд айж мэгдэн, шийтгэл хүлээх өдрөө хүлээн суусан гэдэг.
Нэгэн өдөр шоронгийн хуягууд тэдгээр олон зуун лам нараас цохлон, нэрээр нь дуудаж 70-н ламыг гаргаад "Маршалын Бортолгойн хүсэлтээр суллаж байна. Та нар насан эцэс болох хүртлээ Бортолгойн хойдын буян, төрөл дээшлэхийн тухайд залбиран ном уншиж бай хэмээн амийг нь өршөөж, хэлтрүүлэн суллахад тэд баярлан залбирч нутаг нутгийн зүг явсан аж.
Тэдгээр лам нар нутагтаа очсоноос хойш насан эцэс болохыг хүртлээ сар бүрийн 1, 8, 15, битүүн гэх мэт буяны их дүйчэн өдрүүдэд тодорхой цагт ном уншиж байхаар болзон тарсан гэдэг.
Шажин номондоо гүн бат сүсэгтэй, басхүү алсыг харж, нөхцөл байдлыг мэдэрч чаддаг, чин сүсэгт, ухаант эмэгтэйн ачаар ямартай ч Монголын сүм хийдүүдийн төлөөлөл болсон Чойжин ламын сүм нураагдалгүй үлдэж, эрдэмт 70-н хуврагууд төрийн хүнд хилс хэргээс амь хэлтэрсэн ажээ.
Хэдий тухайн үед улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг авч үлдэх, улс орноо өөд татаж, хөл дээр нь бат зогсоохын тулд гарцаагүй байдалд орж, хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн ч бүх цэргийн жанжин Х. Чойбалсан цаг үеийн хүнд бэрх нөхцөл байдлыг сөрөн чадах чинээгээрээ шашин соёлоо хамгаалж байсан нь түүхэн үнэн билээ.
Их буянтан, чин сүсэгт Бортолгой гэж ухаант эмэгтэйн түүх ийм ажээ