Босс лидер хоёр хоёулаа удирдагч гэлээ мөн чанар нь тэнгэр газар шиг ялгаатай, лидер нь алсын хараатай нээлттэй хүмүүст итгэл хүлээлгэж хүндлэл төрүүлж тэдний алдааг засаж хөгжүүлж бусдыг араасаа дагуулж чаддаг бол босс нь санаат муут яван хатан бодолтой бусдын ард нуугдаж хүмүүст айдас хүйдэс төрүүлж хүмүүсийг ашиглах алдаан дээр дөрөөлөх ашиг олз гавьяа шагналыг өөртөө хумих нарийн увидастай бөгөөд босс лидер хоёрт аль алинд нь захирагсадыг албан хаагч цэргүүд гэнэ.
Аавын хүүхдүүд алагтай цоогтой гэгчээр цэргүүдийн дотор ч босс лидер даргаасаа илүү ухаалаг нэгэн байх тул сэрэмжлүүлэх зорилгоор Оросын баатар цагаан хаан Петр-I тушаахдаа Цэргүүд илүү сэтгэдэг ухаантай байдлаараа даргыгаа эвгүй байдалд оруулахгүйн тулд даргынхаа өмнө жаахан тэнэгдүү царайлсан бас ажил төрөл гэхээр ухас ухас хийсэн байдалтай байх ёстой гэсэн ийм нэгэн зарлиг гаргаж байжээ /нүүр зураг дээр/.
Хэн нэгэн хүн хэдийгээр бусдаас илүү сэтгэдэг илүү ухаантай байж болно гэхдээ түүгээрээ бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх, ялангуяа хичнээн даргаасаа илүү сэтгэдэг цэрэг албан хаагч байсан ч дарга лидер боссыгоо хүндэтгэж байхыг зарлигдсан бөгөөд явцын дунд энэхүү зарлигын мөн чанарыг орос монголгүй дарга цэрэггүй эвдэж шоолж гуйвуулсаар байгаад дарга бол дандаа зөв хэмээн дээр доргүй ойлгож ирсэн явдал юм.
Тухайлбал, дарга унтаагүй харин амарч байна, дарга хоол идээгүй харин хүчээ сэлбэж байна, дарга архи дарс уугаагүй харин тамшаалж байна, дарга уурлаж хашгичаагүй харин санаа бодлоо илэрхийлж байна, дарга хуйхаа маажаагүй харин гаргах шийдвэрээ тунгаан бодож байна, дарга хуралдаа хоцроогүй харин хаа нэгтээ түр саатаж байна, дарга ерөөс алдаа гаргадаггүй харин эрсдэл хийж азаа үздэг, дарга ерөөс аймхай хулчгар биш харин асуудалд маш болгоомжтой ханддаг, дарга ерөөс хахууль авдаггүй харин баярласандаа болоод бэлэг сэлт авдаг, дарга ерөөс зөрүүд биш харин өөрийнхөө байр суурин дээр хатуу тууштай зогсдог гэх мэтээр даргыгаа дандаа зөвтгөж долигносоор байгаад сүүлдээ сайн лидерийг босс болгох зам руу нь түлхэж орхидог явдал манайд ч байсан байх. Гэхдээ гэмшиж ухаарч гэгээрч чадваас босс ч гэсэн буцаад сайн лидер болох боломж бий.
Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг босстой зөрөлдөх нь бүү хэл урьдах ажлыг нь ч урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд л байваас удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт харин та улам л ухаарч бөхөлзөхөө умартваа, эс тэгвээс таныг ч бас дээрх цикл тойрохгүй дайраад арчаад л гарна.
Өнөөдөр бидэнд айдас хүйдэс дагуулсан диктатор босс биш ард түмнийхээ итгэл найдварыг дааж араасаа олон түмнийг хуйлруулж үндэстэнээ босгох чадалтай, улс гэрээсээ хулгайлж оффшордож эх орон эцэг өвгөдийнхөө өмч хөрөнгийг үрэн таран хийх нь бүү хэл цэрэг нормны хувцастайгаа л өдөр шөнөгүй эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнол сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж байсан монголын маршал Чойбалсан, Цэдэнбал шиг, финландын маршал Маннерхейм шиг үндэсний лидер ус агаар мэт үгүйлэгдэж байна.
Маннерхеймын цэл залуу оросын армийн офицер байхдаа Петербургаас гараад Дундад ази Дорнод туркестан Алтайн өвөр говь Өвөр Монгол Бээжин хүртэл явган нүцгэн экспедицийн бүрэлдэхүүнд орж оросын цэргийн тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж явахдаа цуглуулсан монголчууд бидэнтэй холбоотой маш их гэрэл зураг материал өнөөдөр түүний Хельсинк дахь гэр музейд нь хадгалагдаж байна/зураг дээр/.
Маннерхейм бол 1887 оноос оросын армид орж 1905 онд Японы фронтоос хурандаа цолтой, 1918 онд Германы фронтоос дэслэгч генерал цолтой эргэн ирж финнийн иргэний дайнд ялалт байгуулж Финландыг тусгаар тогтнуулж хөл дээр нь босгож өгснийхөө дараа амьдралынхаа арваад жилийг санаа амар алс газар Энэтхэг, Балбын Вант улс хавиар бар агнасан шигээ өнгөрөөж байтал Эх оронд нь аюул занал учирсан дэлхийн 2-р дайны он жилүүдэд тэрээр яаран эргэн ирж орос немцгүй бүгдийг нь бут цохиж хоёрдахь удаагаа эх орноо аварсан хоёр удаагийн ерөнхийлөгч агуу лидер ч гэлээ үхэн үхтлээ ордондоо унтаж хэрэглэж байсан маш энгийн энэ цэрэг модон ор ширээ сандлыг нь хараад лидер хүн ямар байх ёстой гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж билээ /зураг дээр/.
Дайны жилүүдэд орос цэргүүдээс финландын фронт явах уу, германы фронт явах уу гэхэд финнийн фронтоос жийрхэж немцүүдтэй байлдахаа илүүд үздэг байсан нь маршал Маннерхеймын цэргүүдийн байлдах ур чадвар гарамгай, цасан доороос гарч ирээд л хоолой огтлоод сураггүй болдог байсан гэж сая цэргээ финчүүдэд алдаж зүрхэндээ шар ус хуруулсан оросын ахмад дайчид ярьдаг байж билээ. Финчүүдийн ялалт дайчин шийдэмгий чанар нь хөх толбот монгол цустай холбоотойгоос гадна орос японы дайнаас эхлээд насаараа байлдсан финнийн ард түмний агуу жанжин маршал Маннерхеймын байлдах урлагтай салшгүй холбоотой.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт