НИЙГМИЙН ДЭВШИЛ гэж юуг хэлэх вэ?
Өндөр байшин, өнгөтэй хувцас, унадаг машин, унтдаг ор хөнжлийн чанараар НИЙГМИЙН ДЭВШИЛ тодорхойлогддоггүй.
Ухаарсан, сэхээрсэн, танин мэдсэн оюун санаа, ёс суртхууны дэвшлээр НИЙГМИЙН ДЭВШИЛ тодорхойлогддог.
Хувь хүн оюун санаа, итгэл үнэмшил, ёс зүйн хувьд уруудан доройтож буй газарт НИЙГМИЙН ДЭВШЛИЙН тухай ярих ямар ч боломжгүй.
Бидний сүүлийн 30 жилийн түүх нь энэ шалгуураар Нийгмийн дэвшилд хамаарах ямар ч боломжгүй. Учир нь энэ он жилүүдэд бидний Нийгэм маань хөгжлийн үзэл санааны мухардалд орсон, Хувь хүн оюун санаа, ёс суртхууны уналтад орсон. Уналтад орчихсон учраас л хаана очсоноо мэддэггүй, болж байна, сайхан байна гэж итгэдэг. Юу болж буйг эргэцүүлэн дүгнэх харах хүсэл эрмэлзэлгүй болдог. /Ерөөс яагаад ийм болчихов гэдэг асуулт нь тусдаа хэрэг бөгөөд нэг хоёр өгүүлбэр бүү хэл нэг хоёр нийтлэлд ч багтахааргүй баялаг юм, учир нь 30 жилийн түүх бий./
Энэ байдал цаашид үргэлжилсээр байх аваас дарангуйлал, хүчирхийлэлд очино. Ийм задгай завхралаас залхаж, туйлдсан олон түмэн эрх чөлөөнөөсөө зугтаж, гинжинд орохыг эрхэмд үзэх болно. Тийм ч хүсэл эрмэлзлийг ч сүүлийн жилүүдэд хүчтэйгээр илэрхийлдэг болсон. Дарангуйлагч бүлэглэл чухам энэ хүсэл эрмэлзлийг нь л отон хүлээж байдаг. Хүлээж ч байна. Бүр тэсэж ядан хүлээж, шүлсэ залгин, хөх инээдээ барьж ядан хүлээж байна.
Яагаад дарангуйлал руу зүтгэдэг вэ гэвэл механизм нь гарцаагүй тийшээ ажиллаж байгаа. Яагаад гэвэл ямар ч пүршийг чинээнд нь тултал дарвал тэр хэмжээгээр эсэргүүцлийн хүч үйлчилдэг, ямар ч савлуурыг нэг талд нь ханатал гаргавал нөгөө талруугаа хүчтэй савдаг нь байгалийн хууль. Хүний нийгэм ч энэ л хуульд захирагдана.
Үндсэн хуулийн засвар биш, Үндсэн өөрчлөлт хийх зорилт нь чухам ийм хүчтэй савалгаа гаргахгүйн тулд механизмд нь тохируулга хийхэд юм. Энэ нь Үндсэн хуулиийн 1-ийн 3т буй Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн үндсэн гол баримтлалыг илүү тодорхой, бодитой болгоход юм.
Одоо бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдэл нь улс төр-санхүүгийн нам дамжсан бүлэглэлүүд буюу Олигархийн хяналтанд тэлчилж, ард түмэн зөвхөн цонхны цаанаас чихэр долоож байгаа.
- Ядарч туйлдсан олныг амлалтаар, тархи угаалтаар, эрх ашгаар, бэлэг, хахуулаар сонгох эрх мэдлийг нь хуурч, айлгаж, булааж авдаг. Ард түмэн сонгох эрх мэдлээ бүрэн эдэлж чадахгүй байгаа.
- Зөвхөн тэдгээр Олигархи бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний тоглоомын дүрмийн хүрээнд ажиллах хүүхэлдэй шиг хүмүүсийг л бүлэглэлүүд сонгогдох эрхээр хангадаг. Олон түмэн сонгогдох эрх мэдлээр дутагдаж байгаа.
- Олон түмний санхүүгийн эрх чөлөө ч мөн адил Олигархиудын хүсэл зорго дор оршиж буй.
Олон түмэн сонгох, сонгогдох эрх мэдлээ хэрэгжүүлж буй мэт ч, эрх эрх чөлөөтэй мэт ч яг бодит байдал дээр цонхны цаанаас чихэр долоосоор байгаа. ЧУХАМ ИНГЭЖ Л Үндсэн хуульд заасан Засгийн бүх эрх мэдлээ олон түмэн хэрэгжүүлэх боломжгүй болчихсон.
Тэгэхээр ард түмний алдагдчихаад байгаа эрх мэдлийг илүү бодитой, тогтвортой болгож, энэ Олигархиудын хяналтыг багасгаж шахахын тулд Үндсэн хуульд ямар тохируулга хийх хэрэгтэй вэ гэвэл намаас ангидаар олон түмнээс шууд сонгогддог Ардын их хурал буюу Доод танхим, мэргэшсэн хууль тогтоогч, төрийн бодлого боловсруулагч нараас бүрдэх Дээд танхим бүхий Парламенттай, Ерөнхийлөгч нь Гүйцэтгэх засаглалаа, тэргүүлдэг, санхүүгийн бүлэглэлүүдийн хараан дор биш олон түмний хараа хяналтан дор бодлогоо хэрэгжүүлдэг төрийн тогтолцоог санал болгоод буй юм. Улс төржөөгүй, эрх ашигт барьцаалагдаагүй, олон түмний эрх ашгийг шууд илэрхийлэх, итгэл даахгүй төлөөлөгчийг богино хугацаанд өөрчлөн солих боломжтой АИХ-аар дамжуулан олон түмэн хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалыг хянах, хариуцлага тооцох чадавхи нь өнөөгийнхөөс хувь илүү байх боломжтой гэж үзэж байгаа юм.
Харамсалтай нь энэ загварыг Дарангуйллын загвар хэмээн сөргөөр тайлбарлан, айлгах тактик хүчтэй өрнөж эхлэв. Үүнд олигархиуд өнөөгийн эрх мэдлээ ямар нэгэн хэмжээгээр хамгаалж авч үлдэх эрмэлзэл ч байна, ерөөс юуны ч учрыг олохгүйгээр, өнөөгийн Монгол оронд бий болсон бодит нөхцөл байдлыг харахгүйгээр онол ярьдгууд нь ч байна, хийрхдэгүүд нь ч байна.
Төр хүчтэй байх ёстой гэдэг нь Данхар том, бас Дарангуйлагч эрх мэдэлтэй байх ёстой гэсэн үг биш юм. Төр шударга, тунгалаг зөв байх ёстой гэсэн үг. Чухам тийм байж л төр үүргээ гүйцэтгэх боломжтой. Энэ ялгаа заагыг үл анзааран, Төр хүчгүй байх ёстой гэсэн онол номлолд хэт автсанаар Төрд очих шалгуур байхгүй болж, төр шалны алчуур шиг бохирдсон. Төр эрхэмсэг, үнэ цэнэтэй оршиж чадахаа байж, үнэ цэнэгүй болсон. Тэгснээр төр нь татвараа шударгаар ялгаварлалгүйгээр авах гарцаагүй үндсэн үүргээ биелүүлэх чадваргүй болсон, эрх мэдэлтэй бүлэглэлүүдэд нэг нүүртэй, эрх мэдэлгүй энгийн ардад өөр нүүртэй болж хувирсан. Бүр цаашлаад газар нутгаа ч хянах чадваргүй болдог дээрээ тулсан. Энэ нь цаашлаад Үндэстний тусгаар байдалд ч ноцтой занал учруулах түвшинд хүргэсэн.
Иргэд нь хүчтэй байх ёстой гэж байнга номлох болсон. Уг нь маш сайхан, маш зөв. Гэтэл иргэдээсээ санхүүгийн эрх чөлөөг нь булааж, зальдаж авчихаад, сонгох, сонгогдох эрхийг нь бас булааж, зальдаж авчихаад, үнэнийг мэдэх эрх чөлөөг нь хог новшин дунд хутгаж, тархийг нь угаачихаад ИРГЭД ХҮЧТЭЙ БАЙХ ёстой, тэгэж байж улс хөгжинө гэж онолдох нь тохуурхал, даажигнал шиг сонсогдож байдаг. Энэ мэт үзэл ойлголтын төөрөгдөл болон зориудын үйлдэл, тархи угаалт их байна.
Нэгэнд Үндсэн хуулинд гар хүрч буйгаас хойно
- 1. зөвхөн Төрийн тогтолцоог дээр өгүүлсэнчлэн өөрчлөх төдийгүй мөн хэд хэдэн зүйлийг эргэж харах хэрэгтэй. Үүнд:
- 2. Хөгжлийн үзэл санаагаа тодорхой болгох шаардлага бий. Манай өнөөгийн Үндсэн хуульд хөгжлийн тулгуур үзэл санаа байдаггүй. Тийм үзэл санаагүй Үндсэн хууль нь амьгүй хууль, тийм Төр нь сүнсгүй төр болно.
- 3. Төрийн сүлд бэлгэдлээ өөрчлөх ч шаардлага бий. Одоогийн төрийн сүлд нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг хангалттай илэрхийлж чадахгүй. Монгол үндэстэн нь бэлгэдэлт өвөрмөц сэтгэлгээтэй, уламжлалтай ард түмэн, нэн эртний хэдэн мянганаар тоологдох төрт ёсны түүхтэй ард түмэн. Энэ учир шалтгаан төрийн сүлд, бэлгэ тэмдэгт хангалттай тусаагүй. Хэдий морь нь монгол түмний нэгэн үнэт зүйл эрхэмлэл шүтээн мөн боловч төрийн сүлдэд орох нь биш юм. Хэрвээ төрийнхөө сүлдэд залж буй бол хүлэг морио ядаж л идэж уухаа, гадагш нь гаргахаа ч болих ёстой. Наад захын зөрчил эндээс бий болно. Энгийн харахад сүртэй сүйдтэй биш ч утга агуулгаараа байж болшгүй зүйл, энэ мэт зөрчил нь үндэстний оюун санааны цогц байдлыг үгүй хийдэг, алсаараа нэн ноцтой үр дагавартай байдаг.
- 4. Нэгэнт дээрх суурь асуудлуудаа өөрчилсөн тохиолдолд доторх зүйл заалтуудыг мэргэшсэн хуульчид нь нарийвчлан хэлэлцээд тогтоочих бүрэн боломжтой. Хуульчид хуулийнхаа зүйл заалтыг онцгойлон анхаараад суурь үзэл санаа, түүнд тулгуурласан тогтолцоог системтэйгээр нь харахгүй байгаа сул тал ажиглагдаж байна.
Тэгэхээр нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй ийм нөхцөлд Үндсэн хуулинд өөрчлөлт хийх нь осолтой, бид ямар өвөлд бэлтгэж гэрээ дулаалах төдийг хийх гэж буй биш, багадаа 8 жилийн хувь заяа, зам мөрөө тодорхойлох гэж буй.
Үндсэн хуульд нэг л өгүүлбэр өөрчилчихвөл дахиад 8 жил гар хүрэх эрхгүй гацах аюул бий. Тиймээс ултай бодож, олон талаас нь ярилцаж, тодорхой түвшиндээ нэгдмэл ойлголтод хүрч байж Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол нийгэмд үймээн самуун ч гарах аюул, эрсдэл бий. Ингэхэд сайжруулахын тулд өөрчилдөг. Үндсэн хуулийг чухам Нийгмийн дэвшлийн тулд л өөрчлөх ёстой. Ядаж л бид эхлээд Нийгмийн дэвшил гэдгээ бид зөв ойлгох хэрэгтэй байна. Хүний нийгмийн хөгжил гэдэг нь зөвхөн Эдийн засгийн хөгжил төдий биш, нийгмийн харилцаа гэдэг нь зөвхөн эдийн засаг, хууль эрхзүйн харилцаа төдий биш, үзэл санаа, шударга ёс, танин мэдэхүй, ёс зүй, гоо зүйн олон талт харилцааны зүй зохистой тэнцвэр.
Б.Номинчимэд
.